Тавантолгой батлагдаж, "томчууд" амарсан 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
"Ц.Нямдорж хуулийг санаатайгаар зөрчсөн" гэв
Ардчилсан намын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хандлаа. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
АН: Тавантолгой ард түмний мэдэлд очвол дэмжинэ
УИХ дахь АН-ын хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “ Тавантолгойн 30 хувийг олон улсын зах зээлд гаргана гэж байгаа бол төрийн өмчийнх 51 хувь, ард иргэдийн 14 хувь, Хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр яаж хуваарилах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ” гэв.
“Оюутолгой 150 сая ам.долларын татварын зөрчилтэй гарсан”
Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдээлэл хийлээ. Тэрбээр “Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзалт хийж, шалгалт, чиглэл, шаардлагатай холбогдох дутуу материалыг шуурхай гаргаж өгөх, ажиллах боломжоор хангах, үйлдвэрлэлийн үйл явцтай газар дээр нь танилцах зэргээр хамтран ажиллалаа.
Татварын акт дээр болон ажлын хэсгийн материал дээр 150 сая ам.долларын зөрчил гарсан. Оюутолгойд 14,000 хүн ажиллаж байгаа гэсэн мөртөө хэд нь гэрээт, хэд нь үндсэн ажилтан нь ойлгомжгүй, цалин нь хүртэл нэлээд зөрүүтэй байсан. Гэрээгээр ажил гүйцэтгэгчдийг 14 мянган ажилтны тоонд оруулсан байдал харагдсан” гэв.
"Би хүнээс мөнгө авч албан тушаалд томилсон ажил огт хийгээгүй"
"60 тэрбум"-ын гэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн нэгдсэн чуулганы хуралдаанд үг хэлэв. Тэрбээр "60 тэрбумын асуудалтай холбоотой өөрт байсан материалуудыг би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн. Энэ асуудал бол ганцхан АТГ-ын шалгасан шийдвэр биш ТЕГ, ЦЕГ, АТГ-ууд хамтарч шалгаад, Прокурорын байгууллага хянаж үзээд хэрэгсэхгүй болсон. Би хэн нэгэн хүнээс ямар нэгэн төлбөр тооцоо мөнгө авч нэр дэвшүүлэх, албан тушаалд томилох ийм ажил огт хийгээгүй гэдгээ өмнө хэлж байсан одоо ч энэ асуудал хөндөгдөж байгаа учраас хэлчихье" гэв.
С.Жавхлан: Би оффшорчидтой хатуу тэмцэнэ
УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд мэдээлэл хийлээ.Тэрбээр "Би УИХ-д байгаа оффшор данстай хүмүүсийн мэдүүлгийг ирүүлээч ээ гэсэн албан бичгийн АТГ-т хоёр ч удаа хүргүүлсэн. АТГ надад хоёр удаа учир битүүлэг, эрх мэдэлтэн, хагартлаа цадаж баяжсан, Монголын ард түмний баялгийг гадаадад аваачиж нуусан хүмүүсийг хаацайлсан хариултыг илгээгээд байна.
АТГ-ыг хянаж байгаа газар алга. Тэнд хүмүүс дураараа дургиж байна. Энэ газрыг Монголын ард түмэн хяналтандаа авах хэрэгтэй. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчидтой хатуу тэмцэнэ гэж амлаж, гарч ирсэн. Намайг энэ тухай ярихад оффшор данстай хүмүүс басамжилсан байдлаар хандаж байгаа. Тэгэх тусам нь би оффшорчидтой хатуу тэмцэнэ.
Хэнтийн нөхөн сонгуульд 228 сая төгрөг зарцуулна
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2018 оны аравдугаар сарын 7-ны ням гарагт зохион байгуулах товыг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа. Нөхөн сонгуулийн зардал 228 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
Тавантолгойн төслийг эцэслэн батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж, гишүүдийн 83.1 хувиар баталлаа. Үүгээр тогтоолын төслийг эцэслэн батлав.
Хаврын чуулган хаалтаа хийв
УИХ-ын чуулганы хуралдаан хуулийн дагуу хуралдаж, өчигдөр хаалтаа хийлээ. Ийнхүү чуулганыг хааж, УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр “Өнгөрсөн хаврын чуулган 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83 хувьтай байж бие даасан 17 хууль, 67 хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын тогтоол 51-ийг батлан гаргажээ. Чуулганы нэг онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал байлаа. Зөвхөн ирц, оролцоо, батлан гаргасан хууль, хуулийн хэлэлцүүлэг зэрэг тоон үзүүлэлтээрээ энэ удаагийн чуулган өмнөх чуулганаас илүү байлаа.
Ёс зүйг эрхэмлэх, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх чиглэлээр УИХ үлгэр дууриал болж ажиллана гэж байсны дагуу гишүүдийг хариуцлагажуулах Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Гишүүд хуралдаа суухгүй, арга ядсандаа ийм хууль батлаагүй юм” гэв.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ