Улаанбаатар хот гамшгийн эрсдэлд бэлэн үү?

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII-VIII ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг ажээ.

Манай улсын нутаг дэвсгэрт 1900-2000 оны хугацаанд магнитуд нь 7-оос дээш хүчтэй газар хөдлөлт 30 гаруй, магнитуд нь 8-аас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон байдаг.

Үүнтэй холбоотойгоор 2011-2015 онд нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгаа хийжээ. Эдгээр барилгаас 171 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 278 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын олонх нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 1970 оноос өмнө баригдсан барилгууд юм байна.

Анх баригдахдаа газар хөдлөлтийн эрсдэлийг сайн тооцоолоогүй баригдсан барилга байгууламжууд, онцгой байдлын үед аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байдал нь Монголын нийт хүн амын тал орчим нь амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотыг улам эрсдэл өндөртэй бүс болгож байна.

Баригдаж буй ихэнх барилгууд хийцийн өөрчлөлт ихтэй, инженерийн тооцоолол муу, зориулалтын бусаар ашигладгаас шалтгаалан газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сулруулдаг аж.

Улаанбаатар хотод баригдсан нийт барилга байгууламжийг хийцээр нь ангилвал,

  • тоосгон барилга 61 хувь,
  • угсармал барилга 18 хувь,
  • төмөр бетон хийцийн барилга 16 хувь,
  • модон хийцийн барилга 2 хувь,
  • метал хийцийн барилга 2 хувийг тус тус эзэлж байна.

Нийслэл хот сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гамшигт өртөх эрсдэл өндөртэй байгааг мэргэжилтнүүд сануулж буй. Жилийн дөрвөн улирал, уур амьсгалын цочмог өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гамшиг ослын тоо, давтамж, цар хүрээ нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа юм.

2014 онд уур амьсгалын эрсдлийг индексээр үнэлэхэд 100 гаруй орноос хамгийн их эрсдэлд орох магадлалтай улсын жагсаалтын 8-д Монгол Улс орсон байна. Энэ нь Монгол Улсын хүн амынх нь тал нь амьдарч буй Улаанбаатар хот гамшгийн эрсдэлд бэлэн бөгөөд даван туулах чадавхтай байх шаардлагатайг илтгэж байна.

Өнөөг хүртэл дэлхийн аль ч орны эрдэмтэн судлаачид аюулт газар хөдлөлт болох хугацаа, түүний хүчийг урьдчилан тооцоолж чадахгүй байна. Хүчтэй газар хөдлөлт болохыг урьдчилан тогтоох боломжгүй ч газар хөдлөлтөөс учрах хохирол, түүний дотроос хүний амь нас, улс эх орны нийгэм эдийн засагт учруулах эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой.

Мөн Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаарх эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг анхааралдаа авч, хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ