Нийгмээс хатуурхагдсан нийтийн байрныхан
Эрүүл аюулгүй орчинд аж төрөн амьдрах нь хүний язгуур эрх. Гэвч энэ эрх нь хэдэн зуу битгий хэл, хэдэн мянган хувиар зөрчигдөн амьдарч байгаа хүмүүс нийгэмд байсаар л байна. Тэднийг хэн ч тоодоггүй, авч хэлэлцдэггүй. Энэ байдал нь тэднийг ядуу, эсвэл орон гэргүй байгаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхгүй гэсэн үг биш. Оюутнууд, орон гэргүйчүүд, хөдөөнөөс хот бараадан ажил хөдөлмөр эрхлэх гэсэн хэсэг бүлэг хүнийг хямдхан үнээр, толгой хоргодох газартай болгож, өөрсдийнхөө амьжиргааг залгуулдаг хэсэг бүлэг иргэд бол нийтийн байрны түрээслүүлэгчид. Арга ядсан иргэдийг амьдрах газаргүйгээр нь тохуурхан нурах шахсан дөрвөн ханатай амбаар, гарааштаа нийтийн байр гэх цэвэрхэн нэр “зүүлгэж” түүнийгээ амандаа орсон үнээр хөөрөгдөх бичил бизнес Улаанбаатар хотод жил ирэх тусам газар авсаар байна.
Иргэд өөрсдийн эзэмшлийн газар, хашааныхаа бичиг баримтыг л бүрдүүлээд авчихвал лаагаа иднэ үү луувангаа иднэ үү бусдад хамаагүй аж. Өөрөөр хэлбэл, хашаандаа нийтийн байр, халуун ус, уушийн газар гээд ямар ч үйл ажиллагаа эрхлэх боломжтой, барилга барихдаа аль нэгэн албан байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Энэ л бидний болон нийгмийн анхаарах ёстой асуудал, хөндөх ёстой сэдэв болчихоод байгаа юм. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт баригдсан энэ олон нийтийн байрнуудаас хотын төвд байрлалтай их, дээд сургуулиудтай ойролцоо орших төвлөрсөн хэд хэдэн нийтийн байруудыг бид голлон сонирхон сурвалжиллаа.
Гэвч эдгээрээс дийлэнх нь хотын төвийн А бүсэд байрлалтай. Баянгол дүүргийн XVI хороо, Гандангийн Дэнж дээр нийтийн байр нэртэй “амбаар” олон бий. Тэнд нэг давхраас авхуулаад гурав, дөрвөн давхар нийтийн байрууд олон байдаг гэдгийг хэн хүнгүй андах биз ээ. Эндхийн нийтийн байрууд нэг газраа төвлөрсөн учраас үнийн хувьд ялгаатай зүйл байхгүй. Мөн гадаа болон дотроо жорлонтой гэгдэх хоёр байраар орж үзлээ. Жорлон ч гэж хэлэхэд хэцүухэн харагдана. Үнэр танар нь ч авах юмгүй. Дулааны улиралд цэвэрлэх байгууламжийн үнэрээс ялгагдахгүй айхтар хамар сэтлэм. Хоёр давхар, найман айлтай нийтийн байр нь гаднаа жорлонтой. Нэг давхартаа дөрвөн айл байдаг энэ нийтийн байрыг тэр чигт нь модоор барьжээ. Муудан, хуучирч өнгөө алдсан хэдэн банзаар босгосон тус байранд гал гарвал 5-10 минутанд гүйцэд шатаад дүрсхийх мэт, цахилгааны холбосон утасууд нь энд тэндээ шалбаран хэн л бол хэн очоод тогонд цохиулан амиа алдах аюултай байвч гал унтраах хэрэгсэл огт харагдсангүй. Байр сураглаж байгаа нэрийдлээр нийтийн байрны эзэн эмэгтэйтэй уулзаж, бага сага зүйл асуугаад амжлаа. Ямартай ч эхлээд өрөөг нь харахыг хүсэн нэгэн айлд орлоо. Хааш хаашаа хоёр гурав алхам өрөөнд 25-28 насны болов уу гэмээр гэр бүлийн хоёр амьдардаг аж. Тэд хоёулаа орон нутгийнх. Амьдралын боломж тааруугаас болоод хот бараадан амьдарч буйгаа хэлж байлаа. 2х3 харьцаатай, хоёроос дээш хүн багтахааргүй энэ умгар өрөөний төлбөрт тэд сард 140 мянган төгрөг төлдөг. 170 см өндөртэй хүн гэрт нь шагайвал тааз нь тулахаар энэ өрөө эрүүл ахуйн ямар ч шаардлага хангаагүй, гадаа халуун ч өрөөн дотор сэрүүхэн учраас хана тааз нь хөгц, мөөгөнцөрт идэгдсэн харагдлаа. Үүдний хонгил, шат нь нурах шахсан, алхахад шаржигнаж хийхтнасан, өрөө бүрийн хаалганд завсар гаран салхи сийгсэн, жорлонгийн бохир ус нь хальчихсан харагдана. Хүн гишгэхийн эцэсгүй. Гадаах явган хүний замд нүх ухаад хоолой татсан бололтой. Тэр нь мөн л адил халин дүүрч эвгүй үнэр танар хавиар нэг.
“Бөгс эргэх зайгүй ч гэлээ энэ өрөөнд бид хоёр болоол байдаг юм. Гэхдээ нэг юм нь л хэцүү тэр нь чийг, мөөгөнцөр. Өвлийн улиралд чийгтэй учраас ханиад хатгаанаас салахгүй цахилгаан халаагуур тавьчихаад суудаг. Байнга тиймэрхүү байдалтай байх хэцүү. Цахилгаан халаагуур байнга залгаатай ажиллуулахаар цахилгааны төлбөр хамгийн багадаа 30 мянган төгрөг гарчих юм. Тэглээ гээд байрнаасаа гаралтай биш, үүнээс хямдхан өөр байр олдохгүй юм” хэмээн түрээслэгчид ярьж байлаа.
Гандангийн энэ хавиар байрлах нийтийн модон байрнуудаас арай “шат” ахиу нь тэдний арын гудамжинд бий. Дотроо жорлонтой, гурван давхар тоосгон байшин, хашаа нь гүйдэг төмөр хаалгатай, хаалга нь сүрхий хээ хуар болсон энэ байшинг гаднаас нь харахад тун дажгүй цэвэрхэн харагдана. Тэгтэл хашааны хаалгаар ормогц урдаас овоолсон хогын цэг угтлаа. Тийм гэхийн аргагүй хогон овоо нийтийн байрны хаалганы яг хажууханд “тухлан” эзэлжээ. Байран дотор орсон ч өнөө хогны үнэр хамарт наалдсан мэт санагдана. Ямартай ч эхлээд байрны эзэнтэй уулзах санаатай түрээслэгчдээс нь сураглатал “Байрны эзнийх андашгүй, хоёр давхартаа бүргэд хаалгатай өрөөнд суудаг, өөр тийм хаалга байхгүй” гэлээ. Тэр хаалгыг нь тогштол эзэнгүй байж таарлаа. Тиймээс нэгдүгээр давхрын нэгэн айлд орж байр хөлслөх гэж яваа гээд хэдэн зүйл асуулаа. Ажлын цагаар очсон тул ихэнхи айл эзгүй байх нь аргагүй байлаа. Энд 15 айл амьдардаг юм байна. Өмнөх байрыг бодвол бага зэргийн том, тааз нь ч өндөр. Хөгц мөөгөнцөр нь ч арай гайгүй, гэхдээ олон хүн амьдардаг ямар ч нийтийн байранд хөгц, мөөгөнцөр байдаг болох нь анзаарагдав. Харин үүнээс хамгийн асуудалтай нэг зүйл нь жоом, бясаа ихтэй. Долоо хоногт нэг удаа жоомны хор цацдаг тухай түрээслэгч хэлэв.
“Цахилгааны төлбөр их гаргадаг” нэрийдлээр заримдаа халаалтыг нь хязгаарладаг аж. “Хэл ам хийж байж арай халаалтгүй амьдарчихгүй л байна. Гаднах үнэр нь ч яах вэ, коридорт л үнэртдэг болохоос өрөөн дотор үнэртдэггүй юм аа. Энэ байдалтайгаа дасчихаж дээ бүр” хэмээн нэгэн оршин суурч хэлэхэд нээрээ л энэ орчиндоо дасаж амьдархаас өөр аргагүй байдалд хүрдэг байлгүй гэх бодол төрлөө.
Байрны эзэн 15 айл тус бүрээс сар болгон 140 мянган төгрөг авдаг гэж бодоход тэрбээр 30 хоногт 2.1 сая төгрөг халаасладаг байх нь. Дээрээс нь түрээслүүлэгч өөрөө жорлонгоо цэвэрлэдэг, хог ачуулдаг гэх нэрээр айл бүрээс 10 мянган төгрөг татдаг гэнэ. Тэгэхээр түүний сарын цэвэр орлого 2.250.000 төгрөг, жилийнх нь 27 сая төгрөг болж байна. “Ариун цэврийн өрөөгөө цэвэр байлгана, хог тоос шороогүй байлгана гэж мөнгө татдаг хэрнээ яагаад ийм хүн амьсгалхын аргагүй бохир байдаг юм.... мэдэхгүй” гэж мөрөө хавчин хоорондоо ярьцгааж байв.
Гэвч ийм “аймшгийн” газруудыг хэн хянах ёстой, эсвэл эдгээрийн хяналт стандарт ямар байдаг юм бол хэмээн холбогдох албаны хүмүүсээс тодруулга авахыг зорилоо. Гэтэл Нийслэлийн Мэргэжилийн Хяналтынхан үүнд хараа хяналт, стандарт тавих ямар ч боломжгүй, үүрэг нь ч тэдэнд байдаггүй гэнэ. Тэгэхээр түрээслэгчид өөрөө өөрсөддөө хяналт тавьдаг гэсэн үг бололтой. Тухайн хүн өөрийн эзэмшлийн газартаа юу барьж, түүнийгээ ямар зориулалтаар ашиглах нь хувь хүний асуудал учраас тэр аж. Мэргэжлийн хяналтынхан хөндлөнгөөс оролцох ямар ч эрх зүйн заалтгүй. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын гэрээ гэх хэдэн хуудсан дээр нь бүхий л үйл ажиллагаа нь тогтдог гэнэ.
Тэдгээр байрыг түрээслэх эсэх нь хувь хүний сонголт хэмээн мэргэжлийн байгууллагууд хөсөр хаядаг юм байж. Тэгвэл нийтийн байранд хүний амь эрсдвэл “чиний сонголт, хохь нь” гэх нь холгүй. Мэргэжлийн хяналтынхан нийтийн байранд хараа хяналт тавьдаггүй юм аа гэхэд харъяа хороод нь хянах ёстой юм биш үү. Энэ бүхний эцэст хэн хохирох вэ. Мэдээж иргэд. Харин нийтийн байрны эзэд эзэнгүй хуулийн цоорхойг ашиглан, түрээслэгч нараас мөнгө авчихаад бохир, хөгц мөөгөнцөрт идэгдсэн жоомтой өрөөндөө суулгасаар, бүр дөжөрчихжээ. Тэдний үгсийн санд хогоо хаях, муу усны нүх ухах, ойр орчмоо цэвэрлэх, айлуудыг цэвэр цэмцгэр орчинд амьдрах боломжийг нь бүрдүүлж өгөх гэсэн өгүүлбэр ч байдаггүй бололтой.
Дээрээс нь байрны эзэд барилгын хамгийн хямд материалаар барилгаа барьсан мэт хана тааз нь нимгэрч, шал нь цөмрөх шахам болсон тус өрөөгөө түрээслүүлсээр л. Хажуу өрөөнд нь гар утасны чичирэх чимээ сонсогддог гэхээр тэнд хүний эрх хэр зөрчигддөгийг гэрчлэх биз ээ. Эрүүл ахуй нь ч дүүрч гэхэд гал гарвал яах вэ. Эндхийн байрнуудаас гаднаас нь харахад гайгүй дээ орох нийтийн байр нь галын аюулгүй байдлыг хангаагүй байгаа нь бусад нийтийн байрууд ямар байгаа нь тодорхой байлгүй. Нийтийн байр ядарсан зүдэрсэн хүмүүст хэрэгтэй гэвэл, хэрэгтэй. Гэвч энэ мэтчилэн чанарын шаардлага хангахгүй байр олон байна. Эрүүл аюулгүй байдлыг хангасан байр ч бий. Тиймээс Нийслэлийн хэмжээнд байгаа түрээсийн байруудыг бүгдийг чанарын шаардлага хангахгүй гэж хэлэх гэсэнгүй. Харин үүгээрээ нийгмийн хүрээнд нэгэн томоохон анги давхаргад “бугшаад” буй тэрхүү нийтийн байранд стандарт тогтоон шийдвэр гаргагчдын түвшинд авч хэлэлцэн, түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах ёстой гэдгийг чухалчилахыг зорилоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ