Улаанбаатарчууд Уран хасын балетчид болох нь

Хэд хоногийн турш залхтал бороо орох нь. Учир нь үер усны асуудал нийслэлчүүд бидний санааг олон жилийн турш зовоосон. Энэ жил хур арвинтай жил болох төлөвтэй. Үер усны аюултай газар бууж өөрийн болон өрөөлийн амь нас, ажил үүрэгт саад болж буй олон айл өрхүүд байдаг.
Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр нийслэлд одоогийн байдлаар 2800 айл үерийн аюултай бүсэд суурьшиж байгаа аж. Харин Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 600 гаруй өрх байдаг аж. Түүнчлэн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо үргэлжлэн орох тул үерийн усанд эдгээр айлууд хохирол амссаар байх нь лавтай. Байгалийн гамшигт үзэгдлүүд хэлж биш гэнэт л хийсч ирдэг зүйл. Харин үүнийг болохоос нь урьдчилан хэвлэл мэдээллийн хэрэгслээр сануулсаар байтал “иргэд үер буучихлаа, хамаг зүйлээ урсгачихлаа” хэмээн хожим нь амаа барьж суудаг нь харамсалтай.
Мөн нийслэлд үерийн ус зайлуулах далан шуудуу дутмаг байдгаас айлууд усанд автах тохиолдол их гарсаар байдаг. Тиймээс хотод үерийн далан барих ажил нэн шаардлагатай байгаа юм. Гэхдээ далан барьж айл өрхүүдийн амар тайван байдлыг бий болгоход бас хүндрэл учирдаг байна. Учир нь зөвшөөрөлгүй газарт буусан айл өрхүүд далан барих ажилд саад учруулдаг аж. Тодруулбал, үерийн далан сувгийн ойролцоо зөвшөөрөлгүй буусан айлууд газраа чөлөөлж өгөхгүй хойрго ханддаг байна. Энэ тал дээр Нийслэлийн газрын алба “албадан” зохицуулалт хийдэг ч тэр бүр үр дүнд хүрдэггүй аж.
Уг нь үерийн аюулыг урьдчилан сэргийлж болдог гамшиг. Тухайлбал, нам дор байдаг айл бохирын цооног, жорлонгоо өндөрлөөд маначихвал ус орохгүй. Гэтэл тэгээгүйн улмаас жорлон нь дүүрч хальдаг. Тэгээд нар гарахад өмхий үнэртэж үүнээс үүдэж халдварт өвчин, хөрсний бохирдол үүсэх нөхцөл бүрддэг байна.
Улаанбаатар хотыг тойрсон 700 гаруй километр зам бий. Гэхдээ энэ замын дөнгөж 13 хувьд нь, үүнээс төв хэсгийн 300 орчим километр замын 27 хувь нь ус зайлуулах хоолойтой. Эдгээр ус зайлуулах хоолой нэгдсэн нэг магистраль шугамаар баруун тийшээ явж, “Хархорин” захын хажууд байрлах усан насосын станцад бохироо шахдаг байна. Харин усан насосын станцад очсон усны бохирдлыг буюу том хогнуудыг шүүн аваад, үерийн усыг шууд Туул гол руу цутгадаг аж. Ийм усан насосын станц Улаанбаатарт ганцхан л ажиллаж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр биш юм аа гэхэд замаа бүхэлд нь усанд нь автуулахгүйгээр анхлан барихдаа л ус зайлуулах хоолойгоо бүрэн шийдэж барьдаг баймаар. Ус зайлуулах байгууламжгүй замтайгаас болов уу, нөгөө ус зайлуулах хоолой нь хогондоо бөглөрөөд ажиллахаа больсон уу, нийслэлчүүд үеийн үед усанд живэх нь холгүй болдог.
2013 оноос хойш тавигдсан бүх замд ус зайлуулах хоолой заавал хийх шаардлагыг нийслэлээс тавьж, гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулсан аж. Гэвч компаниуд хуучны зураг төслөөр ус зайлуулах хоолойгоо тавьсан байна. Хуучны зураг төсөл гэдэг нь 700 мянган хүн амтай төлөвлөгдсөн нийслэл хотын инженерийн байгууламжийнх. Мэдээж ийм зураг төслийн дагуу хийсэн ус зайлуулах хоолой яаж хоёр сая гаруй хүн амьдарч буй нийслэлийг усанд автуулахгүй байж чадах билээ. Шинэчилье гэхнээ дахиад л шинэ зураг төсөл, хөрөнгө мөнгө шаардагдах аж.
Үерийн гамшиг дуусахгүй. Нэг бол зам засуулахгүй, үгүй бол засчихсан замыг урсгаад баахан нүх үлдээчихдэг. Замаар дүүрэн ухагдсан нүхэнд иргэдийн хувийн өмч хөрөнгө болох машин тэрэг нь эвдэрч гэмтэнэ. Уг нь дэлхийн аль ч улс оронд бороо орж л байдаг, замаа засч л байдаг. Гэхдээ манай улсад бол өөр. Эхлээд зам засах гэж хавь ойр орчмынхоо хамаг замыг хааж хэсэг хугацаа авна, дараа нь зассан замаа дахиад засдаг. Үүнтэй зэрэгцэж бороо ормогц зам усан далай болдог учир Улаанбаатарчууд гэж уран гимнастикийн тамирчид, Уран хасын балетчид шиг л хүмүүс болж хувирч байна даа.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ