Борооны цувгүй Улаанбаатар хот

        Долоон хоногийн турш хэд хэдэн удаагийн давтамжтай орсон борооноор Нийслэл хот ямар эмзэг байгааг нэг сайн харуулж авлаа. Энд тэндгүй л үерт өртсөн айл өрх, сургууль, цэцэрлэгүүд. Зам дээр тогтсон усыг урсгах хоолой, далан шуудуу байхгүйгээс гэр хорооллын айлууд үерт автан, хотын замд жижигхэн нуур, цөөрөм үүсэж автомашинууд явах газаргүй болох нь. Тиймээс хотод үерийн далан, шуудуу барих ажлыг шуурхай эхлүүлэх шаардлагатай байгаа юм.

Дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хот үерт өртөх хамгийн эрсдэлтэй бүсэд багтдаг. Нийслэл хотыг тойрсон 800 км гаруй зам бий. Гэхдээ энэ замын дөнгөж 13 хувьд, үүнээс төв хэсгийн 300 км орчим замын 27 хувь нь л ус зайлуулах хоолой бий.  Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр биш юмаа гэхэд автозамаа бүхэлд нь усанд автуулахгүйгээр, анхлан барихдаа ус зайлуулах шугам шийдэж байж барьдаг баймаар. Гэвч манай улсад ийм бодлого баримтлан үйл ажиллагаа явуулах нэгжүүд цөөн. Ямар сайндаа л “манайхны” барьсан авто замууд эхнээсээ үерт автан, эвдрэл үүсчхээд байхав. Гэвч арав гаруй жилийн өмнө Япончуудын барьж өгсөн Нарны гүүр усгүй шахуу байна.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд үерт автан эвдэрсэн авто замуудын хохирол хэдийнээ гурван тэрбум гараад явчихлаа. Ахин үер буувал үүнээс өндөр өртөг гарах нь тодорхой. Гэвч жил жилийн үерт ийм их хэмжээний төгрөгөөрөө хохироод байвал юу болох вэ?

Үерийн аман дээр зөвхөн орон гэрээр ч биш орон сууцны хорооллоороо амьдарч байгаа айлууд олон бий. Бага тэнгэрийн амнаас Яармагийн гүүр хүртэлх хооронд л гэхэд орон сууцны арав гаруй хороололтой. Үүнээс гадна олон хорооллууд уулын ам даган байрладаг. Голын гольдролыг өөрчлөн, уулын амын усыг хааж босгосон хорооллууд үер усны аюулд өртөх эрсдэлтэйг албаныхан хэлдэг. Гэвч хэлж, сануулж, эсэргүүцсээр байтал орон сууц барих зөвшөөрлийг нь өгчихдөг, эмх замбараагүй хот төлөвлөлт, гамшгаас хамгаалах бодлого алдагдсан ийм л хотод өнөөдөр бид аж төрж байна.

Үер болж жирийн иргэд, албан байгууллагууд эд материал, эрүүл мэнд, амь насаараа хохирлоо. Тэдний өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй. Гэхдээ амьдрал ахуй, эдийн засгийн байдал тааруу байгаа энэ үед бид болзошгүй аюулаас сэргийлэх нь зүйтэй. Үерийн гамшиг бусад байгалийн гамшгийг бодвол сэргийлж болдог гамшиг. Цаг уурчны хэлж байгаагаар ойрын хэд хоногтоо л их хэмжээний бороо орох магадлал өндөр гэдгийг хэлчихсэн. Тэгэхээр цаашид орох борооноор хамгаалах далан, үерийн ус зайлуулах байгууламж багатай нийслэл хот маань үерт л урсаж таарах болоод байна даа.

Т.Намуу


СЭТГЭГДЭЛ БИЧИХ