Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийг толилуулж байна. 

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг цахим сүлжээнд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн ой санамжийн нэгдмэл, аюулгүй байдлыг хангах, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор хуулийг шинэчлэн найруулав.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ нь 5 бүлэг, 24 зүйлтэй, хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тус хуультай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол баталсан.

Хуулийн зорилт нь улсын бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулна.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах зарчмын шинжтэй шинэ зохицуулалтыг нэмж тусгалаа. Үүнд:

Хуулийн зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох, нарийвчлан тодорхойлох үүднээс хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгон орууллаа.

Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх, түүнийг ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор иргэний үнэмлэхийн санах ойд иргэний хувийн мэдээллийг тэмдэглэж болох бөгөөд түүнд тусгах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална.

Хуульд бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилж, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэхээр тусгалаа.

Бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгаж, хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийн зорилго, улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим нь төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагаанд нэгэн адил үйлчлэхээр заасан. Мөн бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхөд аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах, өөр хоорондоо уялдаатай нэгдсэн арга зүйтэй байхаар хуульчлав.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. Бүртгэлийн зарим үйлчилгээг цахимаар үзүүлэх, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгох бөгөөд энэ нь эх нотлох баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байхаар хуульд тусгасан болно.

Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах, сангийн хадгалалт, хамгаалалт, мэдээлэл, технологийн асуудал хариуцсан нэгжийн эрх, үүрэг, иргэн, хуулийн этгээдэд тус сангаас ашиглуулах мэдээллийн төрлийг тогтоох асуудлыг зохицуулж, дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн мэдээллийн санг хадгалуулах, төвөөр дамжуулан мэдээллийг бусад байгууллагатай солилцох боломжийг бүрдүүлсэн.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ