Эрдагоны тагнуулуудын дараагийн бай Монгол дахь Турк сургуулийн захирал байсан уу?

Өнгөрсөн долоо хоногт учир битүүлгээр хулгайлагдан, олон цагийн турш сураггүй байсны эцэст олдсон "Улаанбаатар Эмпати" сургуулийн захирал Вейсел Ачкайн хэргийн тухай New York Times-д орсон нийтлэлийг орчуулан хүргэе.
-Энэ бол Туркийн засгийн газарт төрийн эргэлт болох гэж оролдсон 2016 оноос хойш, Эрдагоны дайснуудын дэлхий өнцөг булан бүрээс баривчилж буй цувралын сүүлийн хэсэг юм. Төрийн эргэлт хийхээр завдсан гэх Фетулла Гюлен нь багш, шашны зүтгэлтэн бөгөөд 1980-аад оноос эхлэн дэлхий нийтэд имамын үзлийг таниулах зорилгоор олон улсад сургууль байгуулж эхэлсэн юм. Уг явдлаас хойш түүний байгуулсан сургуулиудын Турк талын захирал, төлөөлөгчдийг тус улсын тагнуулынхан олон арваар нь баривчлаад байгаа юм.
Монголд 25 жил ажиллаж амьдарсан Вейсел Ачкайг долдугаар сарын 27-ны өдөр Монголын нийслэл Улаанбаатар хот дахь гэрийнх нь ойролцоогоос үл таних этгээдүүд хулгайлжээ. Хэргийн газар байсан гэрчүүдийн мэдүүлгээр богино хугацаанд цагдаагийн байгууллагад хандаж, эрэн сурвалжилж эхэлсэн ба энэ үед Чингис хаан нисэх онгоцны буудалд Туркийн нисэх хүчинд хамаарагддаг тусгай үүргийн онгоц тодорхой шалтгаангүйгээр газардсан байна. Тохиолдлуудыг харгалзан тэрхүү онцгоц Вейсел Ачкайг хүчээр авч явахаар ирсэн байх гэж сэжиглэгдэж байв.
Вейсел Ачкайн гэр бүл, найз нөхөд, шавь нар нь энэхүү хууль бус баривчилгааг эсэргүүцэн,онгоц буусан Чингис хаан нисэх онгоцны буудалд цуглан, эсэргүүцлээ илэрхийлж байв. Мөн Монгол Улсын гадаад харилцааны яамнаас асуудал тодорхой болтол тус онгоцонд хөөрөх зөвшөөрөл өгөхгүй байх мэдэгдэл гаргажээ.
Монгол Улсын зүгээс нутаг дэвсгэр дээр нь ямар нэг тусгай мэдэгдэл, зөвшөөрөлгүйгээр хүн хулгайлах нь тус улсын тусгаар тогтнол, хууль ёсыг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн хүчтэй эсэргүүцэл үзүүлжээ.
Тус өдрийн оройн 21:15 цагт онгоц нисэх буудлыг орхин одож, Вейсел Ачкайг Монгол Улсын Цагдаагийн газар хүргүүлжээ. Ийнхүү 12 цаг орчим сураггүй алга болсон Вейсел Ачкай гэр бүлтэй нь дахин уулзуулсан байна.
Туркийн үндэсний тагнуулын газар MIT нь Феттула Гюлентэй холбоотой байж болох бүхий л хүнийг илрүүлж, баривчилж байсан бөгөөд 2016 оноос хойш дэлхийн 18 орноос, 80 Турк иргэнийг хулгайлсан, баривчилсан хэрэг гарсан юм. Эдгээрийн заримд оршин сууж байсан улсынх нь Засгийн газраас туслалцаа үзүүлсэн явдал ч байв. Гэсэн ч хууль бусаар баривчилгаа явуулсан учир олон улсын төвшинд маргаан үүсэж, тус ажиллагаа саатаад байсан юм.
Харин шинжээчдийн таамаглаж буйгаар энэ жил тэрхүү хоморголон баривчлах үйл ажиллагаа дахин явагдаж эхэлсэн аж. Тухайлбал ердөө нэг долоо хоногийн өмнө Украинаас Туркийн иргэн Салих Зеки Игитийг баривчлан Турк рүү илгээсэн бол өнгөрсөн сард Туркийн бие даасан сэтгүүлч, блог хөтлөгч Юсуф Инаныг тагнуулын албаныхан баривчлан Турк руу авч одсон хэрэг гарсан юм. Энэхүү баривчилгааг Украины засгийн газраас хамтран явуулсан аж. Түүнчлэн энэ дөрөвдүгээр сард Туркийн гадаад хэргийн сайд Бекир Боздаг нэгэн телевизийн ярилцлагадаа “Гюлений бүлэгтэй холбоотой бүхий л хүмүүсийг эх орондоо буцаан авчирч, шийтгэхээр ажиллаж байна” хэмээн өгүүлжээ.
Энэ оны байдлаар Косово, Азербайжанаас Турк иргэдийг баривчлан, нутаг буцаасан хэрэг гарсан байна. Косово улсаас албадан гаргасан зургаан иргэний хэрэгт тус улсын албаныхан хамааралтай байжээ. Баривчилгааны дараа Косово улсын Ерөнхий сайд Рамуш Хадан дотоод хэргийн сайд болон нууц албаныхан өөрт нь ямар нэг албан ёсны мэдэгдэл хүргэлгүй явуулсан ажил хэмээн мэдэгдэж, дотоодын маргаан үүсэж байв.
Энэ сарын эхэнд Эрдагоны хүү Монгол Улсад айлчилж, өндөр тушаалын албан хаагчидтай уулзсан байна.
Туркийн Засгийн газар, элчин сайдын яамнаас энэхүү баривчилгааны талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй аж. Вейсел Ачкайн гэр бүл, найз нөхөд нь “Хурдан, шуурхай ажиллаж, хууль бус явдлыг таслан зогсоосон Монголын Засгийн газар болоод цагдаагийн байгууллагад талархлаа илэрхийлжээ.
Эх сурвалж: New York Times
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ