Д.Батбаатар: Төрийн хяналт суларсан болохоос намын хяналт сулраагүй

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатартай ярилцлаа.
-Та өнгөрөгч даваа гарагт мэдээлэл хийж, гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр санаачилгатай ажиллахыг намын удирдлагууддаа хатуу шаардлага тавьж ажиллахаа мэдэгдлээ. “60 тэрбум”-ын гэх хэргээс авхуулаад энэ цаг үед анхаарал татаж буй асуудлуудыг хөндсөн л дөө.
Ний нуугүй хэлэхэд гэнэт ийм мэдээлэл хийснийг тань гайхаж байна. Хэн гэдэг дарга нь та бүхнийг “Мэдээлэл хий” гэж шахсан юм бол гэж хардаж сууна.
УИХ-ын нэр бүхий гишүүн, бас Ерөнхийлөгч “60 тэрбум”-ын гэх хэргийг ул суурьтай хөндөж, тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж эхлэхтэй хамт Хяналтын ерөнхий хороо ингэж дуугарсан бол тэгтлээ гайхахгүй л дээ.
-Тийм юм ерөөсөө байхгүй. Ажил, амьдралын туршлагаа ч харсан, хэн нэгний үг, хатгаасаар явдаг, сэтгэл хөдлөлөөр ханддаг үе өнгөрчихөөд байна. Намын 28 дугаар их хурлаар хүлээлгэсэн итгэлийг нь дааж, Хяналтын ерөнхий хороог нэр төртэй авч явах юм сан гэж л бодож байна.
Их хурлаас хойш Хяналтын ерөнхий хороо “унтаад” байсангүй ээ, ажилласан. Хийсэн болгоноо яриагүй байж мэднэ. Тэгээд ч намын ажлыг төрийнх шиг тэр бүр яриад байх шаардлагагүй, дотоод асуудал шүү дээ. Эдийн засаг, улс төрийн амьдрал тийм таатай биш энэ үед намын дотоод эв нэгдлийг хангах, гишүүдэд ёс зүйн хатуу шаардлага тавьж ажиллахыг л намын удирдлага надад тавьсан.
Тэрийгээ л хийж, хэрэгжүүлэх гээд явж байна. Тиймээс Ёс зүйн хороо байгуулж, дүрмээ шинэчилсэн. Өөрөөр хэлбэл, ажиллах хүрээ, хязгаараа эхэлж тогтоогоод, түүнийгээ намынхандаа нэг мөр ойлгуулах үүднээс хяналтын бүтцийн бүх ажилтнаа сургалтад хамруулсан. Ийм ажлыг олон жил хийгээгүй юм билээ.
Эдгээрийг баяр наадмаас өмнө хийж, амжуулсан ч найр наадмын үеэр намын талаар яриад яах вэ гээд хойшлуулан, сая мэдээлэл хийсэн нь тэр. Одоо л хийхгүй бол өвлийн бэлтгэл, найр хурим, хичээл, сургуулийн их ажил ундарч, анхаарал сарнина шүү дээ.
-Хяналтын ерөнхий хороо шахаж, шаардлаа гээд ямар нэг үр дүнд хүрэх болов уу. Та бүхний үгийг хайхрахгүй бол яах вэ?
-Намын дүрмээ зөв хэрэглэж чадвал нөлөөлөх механизм нь хангалттай. Бидний үгийг сонсох ч болно, сонсгоно. Хяналтын ерөнхий хороо ганцхан том эрхтэй. Боловсон хүчин буюу намын нэрээр тодорхой ажил, албанд очсон хүмүүстэй сахилга, хариуцлага тооцох асуудлаар ерөнхий нарийн бичгийн даргад чиглэл өгч, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх эрхтэй.
Ингээд болохгүй бол бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой дүгнэлт гаргах явдал. Ингээд болохгүй бол бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлаар дүгнэлт гаргана. Бага хурлын гишүүнээс чөлөөлнө гэдэг нь намаас хөөж, хасаж байгаа хэрэг биш.
Гэхдээ нам тухайн гишүүнтэй цаашид улс төрийн талаар хамтарч ажиллахгүй, дэмжлэг үзүүлэхгүй л гэсэн үг. Дүрэм ёсоор Хяналтын ерөнхий хороо дүгнэлтээ бага хуралд танилцуулах ёстой.
-Тэгэхээр та бүхний үйлдсэн дүгнэлтэд үндэслэн бага хурлаар санал хурааж, эцсийн шийдвэрээ гаргана гэсэн үг үү?
-Хяналтын ерөнхий хороо хуралдаад бага хурлын гишүүнээс чөлөөлсөн дүгнэлт гаргасан бол танилцуулахад л хангалттай, санал хураахгүй. Харамсалтай нь, үүнийг ер нь хэрэглэж байгаагүй бололтой юм билээ.
-Та дүгнэлт үйлдэхээр бэлдэж байгаа юм байна. Тийм үү?
-Ямар ч байсан дүгнэлт гаргах эрхээ эдэлнэ. Яагаад гэвэл, МАН эмх замбараагүй хүмүүсийн цуглуулга биш. Хүн бүр өөрийн дүрмээр тоглодог газар бүр ч биш. Энэ намд нэг л дүрэм бий. Эв нэгдлийг хангаж, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ гэж байгаа бол үүн шиг сайн механизм манай намын дүрэмд байхгүй.
Үнэндээ манай боловсон хүчний бодлого алдагдсан нь үнэн шүү дээ. Тохиолдлын олон хүн намын нэрээр төрийн албанд очиж, ажлыг нь цалгардуулж байна. Энэ нь эргээд намын нэр хүндэд нөлөөлөөд байгаа юм. Гэтэл энэ намын төлөө гутлынхаа улыг цоортол гүйсэн хүмүүс нь гудамжинд л байна шүү дээ. Тиймээс ч төрийн ажил явахгүй байгаа юм.
Яам, Тамгын газар, агентлагт яваад очиход л мэдрэгдэнэ. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ажлаа өгснөөс хойш хувийн хэвшилд ажиллаж байгааг эс тооцвол би Монголын төрд хар залуугаасаа зүтгэсэн хүн. АН-ыг эрх барьж байсан хугацаанд ч төрийн ажил замарсан. Энэ нь манай намын үед удамшаад яам, Тамгын газарт нутагшчихсан байна. Өнөөдөр төрд ажиллаж байгаа хүмүүс хууль дүрэм гэхээс илүү хувийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөх болж. Хүнд суртал ч замаа алдсан.
Үүнд л хариуцлага тооцож, нам эрх барьж байгаагийн хувьд боловсон хүчний бодлогоороо дамжуулан шийдэх ёстой. Сонгуульд нам нь ялахаар “Би ч тэнд ормоор байна, тэрийг ч ажилд оруулмаар байна” гээд дарга нарыг ажил хийлгэдэггүй нь үнэн. Дарга нар ч “Үгүй” гэж хэлж чаддаггүй биз. Гэхдээ үүнийг намынхаа боловсон хүчний байгууллагадаа л даатгачих хэрэгтэй.
Боловсон хүчин хариуцсан бүтэц нь судалж, дүгнээд Хяналтын ерөнхий хороонд уламжлах ёстой. Хяналтын хороо нь тухайн ажил, албан тушаалд намын зүгээс тэнцэх, эсэхийг нь дүгнээд, нэрийг нь удирдлагадаа танилцуулж яагаад болохгүй гэж. Эцсийн шийдвэрийг намын дарга нар гаргадаг юм байгаа биз. Ийм л энгийн. Хуулийг нь өөрчлөх сургаар хууль бус үйлдэл хийж байгаа төрийн байгууллагууд ч байна шүү дээ. Хүүхдүүд тогонд цохиулаад амиа алдаж байна. Хаана байна вэ, тэр хяналт.
Ер нь өнөөдөр Монгол Улсад төрийн хяналт байхгүй болчихлоо. Төрийн хяналт суларснаас намын хяналт сулраагүй шүү. Монгол шиг хяналтгүй улс алга. Ийм л зүйлүүдэд иргэд, намын жирийн гишүүд бухимдаад байгаа юм. Би хяналтын байгууллагад ажиллаж байсан болоод ч тэр үү илүү эмзэглээд байж магадгүй, Гэхдээ салбар хариуцсан хүмүүс нь сайдаасаа авхуулаад ажлаа мэдэхгүй байна шүү дээ.
Тэнгэрээс буугаад ирсэн хүмүүс шиг л аашлах болсон. Том том юм ярихаас цаашгүй. Жирийн хүмүүсийн амьдралын талаар ярихгүй байна, тэд. Ийм хүмүүст хариуцлага тооцож, хяналт тавиач, шахаж, шаардаач гэж байгаа юм. Сонгуулиас сонгууль хүртэлх хугацаа талаасаа хэдийнэ өнгөрлөө.
Үлдсэн богино хугацаанд ажлаа хийсэн шиг хийх ёстой. Аймаг, нийслэлийн том толгойлсон дарга нар албан тушаалд очингуутаа багаар ажиллаж чадахгүй, хэрэлдэж, хуваагдах болсон. Иймэрхүү замбараагүй, хувийн хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн, намын шийдвэр, бодлого, мөрийн хөтөлбөрийг уландаа гишгэсэн хүмүүсээсээ зоригтойгоор салахыг шаардаж байгаа юм. Энэ бүхнийг намын дүрмийн дагуу зөв голдиролд оруулбал МАН бэхжинэ.
-Тэгвэл “60 тэрбум”-ын гэх хэргийг яаж нэг тийш нь болгох ёстой юм бэ?
-Уг хэрэгт нэр холбогдсон хүмүүстэй Хяналтын ерөнхий хорооны гишүүд уулзаж, ярилцсан. Хууль, хяналтын байгууллага шалгаад, худлаа гэдэг нь тогтоогдсон гэдэг юм. Тийм бол намын хамт олондоо энэ тухайгаа хэлээд, үнэн ч бай, худлаа ч бай, ийм хоёрын хооронд ярианд намынхаа нэрийг орооцолдуулсандаа хамт олноосоо уучлал гуйх хэрэгтэй.
Тэгээд энэ яриаг цэглэж, дуусгах хэрэгтэй гэдэг л шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, харамсаж байгаагаа өрөө, тасалгаанд биш, өөрөө хэвлэл мэдээллийнхэнд хандаад, эсвэл намынхаа албан ёсны хурал, чуулганы үеэр зарлачих хэрэгтэй л дээ. Тэгвэл өлгөж авч яриад байдаг хүмүүс ч дуугүй болно. Тэдний сэтгэл ч амарна шүү дээ.
Намын дүрэмд “Гишүүдийнхээ нэр төрийг хамгаална” гэж байгаа. Хууль, хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гишүүдийн зөв, бурууг ч хугацаанд нь түс тас шийдээд явах шаардлагатай. Угтаа нам, эвсэл бодохоос илүүтэй Монгол Улс чинь хууль, дүрэмтэй орон биз дээ.
-Таныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй их ойр гэх юм билээ.
-Манай монголчуудын сэтгэлгээний өвөрмөц байдлын илрэл юм болов уу. Заавал хэн нэгний нэр хаяг, шошготой байж ажил, амьдралаа залгуулах ёстой юм шиг ойлгоод байгаа юм. Монголын төрд ажиллахдаа олон сайд, даргатай хамтран, бүх түвшинд л хүчин зүтгэж ирсэн.
Хэн нэгний хүн гэдгээрээ ажил, албан тушаалд очсон гэж бодохгүй байна. Надад итгэсэн учраас л Хяналтын ерөнхий хороог хариуцуулсан болов уу. У.Хүрэлсүх сайд бид хоёрт хүмүүсийн ойлгодог шиг хүзүү, сээрээрээ холбогдсон, анд нөхдийн барилдлага гээд байх юм үгүй. Ажил төрлийн л холбоотой.
Намайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга байхад Хүрэлсүх сайд манай асуудлыг эрхэлсэн сайдаар ажиллаж байсан. Тухайн үед гар нийлж ажилласан. Энэ ч үүднээс Шадар сайд болоод Ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр ажиллах санал тавьсныг нь хүлээж авсан.
-Нийслэлийн МАН-ынхны талцлыг арилгахын тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хяналтын ерөнхий хорооны даргын ажлаа аваад нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдтой уулзсан. Нийслэлийн ИТХ-д байгаа хагарлыг эмхэлж цэгцэл, нэг ширээнд суугаад ярилц гэсэн. С.Батболд дарга “Үгүй” гэдэггүй юм.
Харамсалтай нь, өнөөдрийг болтол тодорхой шийдэлд хүрсэнгүй. Нийслэлийн намын хорооны хурал удахгүй болно. Тэр хурлаар ярилцаж, шийдэх байх. Ингээд болохгүй бол бид эрх, хэмжээнийхээ хүрээнд шаардлага тавьж, хариуцлага тооцно.
Б.Номин
Эх сурвалж: Unuudur.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ