Ж.Батбаясгалан: Даншиг наадам зохион байгуулахад 297 сая төгрөг зарцуулна

Наймдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “Хүрээ цам-Даншиг наадам” зохион байгуулагдах гэж байна. Тус наадмыг 2015 оноос НЗДТГ, Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Өнөөдөр наадмын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 он хүртэлх үйл ажиллагаандаа “Зүүн хойд Азийн аялал жуулчлал бизнес, соёл, санхүүгийн том төв” болох зорилго тавьжээ. Тус зорилгын хүрээнд Монгол үндэстний өв соёлыг олон улсад таниулах зорилгоор Даншиг наадмыг зохион байгуулж байгаа гэв.

danshig

Энэ талаар НЗДТГ-ын орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үйлчилнэ. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр манай улсад хүрэлцэн ирсэн нийт жуулчдын тоо болон Монгол Улсаас гадаад улсад айлчилсан тооны нэгдсэн дүн мэдээлэл гарна.

Жил бүр жуулчдын тоо өсөн нэмэгдэх хандлагатай байна. Жилд дунджаар 500 мянга орчим жуулчин ирдэг гэсэн мэдээлэл байдаг ч энэ жил илүү нэмэгдсэн. Гадуур тус наадамд тэрбум гаруй төгрөг зарцуулах гэж байна гэх худал мэдээлэл их тархаж байна. Нийт 297 сая  төгрөг зарцуулна. Аялал жуулчлал болон дотоодын иргэдэд зориулсан энэхүү үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулна” хэмээн мэдэгдлээ.

danshig

Хамба лам Д.Чойжамц хэлэхдээ “Хүрээ цам-Даншиг наадам" зохион байгуулагдаад гурван жил болж байна. Цамын үйл ажиллагаа бол хүнд хүчир ажил. Цамын бүжгийг халуун зун том баг, зузаан хувцастайгаар бороо шороог ажрахгүйгээр хийдэг учраас бэлтгэл ажлыг хангах асуудалд нэлээдгүй цаг хугацаа шаардагддаг. Цамд гардаг хүмүүс буян их хураадаг гэдгийг хуучцуул хэлдэг байсан. Энэ утгаараа цамчид үнэхээрийн урт удаан настай хүмүүс байдгийн жишээгээр н.Сэрээтэр гуай 100 насалсан. Цамын хурал тав хоног үргэлжилнэ. Түүнээс өмнө долоон өдрийн бясалгал болдог. Үүнийг хөдөө хээр буюу үймээн самуунгүй газар хийгээд “ваан авшиг” авдаг.

Цам нь хоёр янз бий. Нэг нь шашны чиглэл буюу хүмүүсийн сайн сайхны төлөө уншдаг уншлага юм. Нөгөө талаар хотын захиргаа энэ үйл явдалд оролцож байгаа нь жуулчидтай холбоотой. Монгол оронд зочлон ирсэн жуулчдад үзүүлж сонирхуулах, олон мянган жуулчдыг татах ач холбогдолтой. Тухайлбал, Японоос 100 гаруй жуулчин үзэхээр захиалга өгчихөөд байна. Энэ нь нэг талаар шашны том зан үйл боловч, нөгөө талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж юм” гэлээ.

danshig

Мөн “Даншиг наадам”-ын үүсэл хөгжлийн түүхийн тухай доктор н.Чулуун “1639 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг халхын шашны тэргүүн Жавзандамбын хутагтаар тодруулахад даншиг өргөх ёслолыг зохион байгуулж байсан. Энэ цагаас хойш 1920-иод он хүртэл тасралтгүй зохион байгуулагдсан байдаг. Гэтэл монголчууд үүнийг янз бүрээр ойлгодог. Манжийн үеийн баяр ёслол гэж ярьж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Манж Чин улстай ямар холбоогүй.

Монголын сүүлчийн хаан Лигдэн таалал төгссөнөөр хаангүй төрийг Богдууд орлож ирсэн. Богдод өргөх шашин соёлын даншиг наадам нь Монголчуудын эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлыг зангидаж явсан хамгийн том арга хэмжээ юм. Тухайлбал, 1911 оны тусгаар тогтнолын нууц хуйвалдааныг даншиг өргөх нэрийдлээр Нүхтийн аманд цуглаж хийж байсан. Үүнээс алтан ургийн ноёд язгууртнууд цуглах, нийлэх боломжийг даншиг бүрдүүлж байсан гэдгийг харж болно.

Тухайн үед морь, сур, бөх, төгс утгаараа хөгжиж ирсэн. Даншиг наадмын тухай олон тэмдэглэлүүд бий. 1937 онд нүдээр үзсэн Орос жуулчны тэмдэглэлд даншгийг маш олон хоног хийдэг байсан гэж бичсэн байдаг. 1890 оны үед мөн Оросын жуулчид “Даншиг наадмыг ямар ёслол төгөлдөр хийдэг” байсныг бичсэн өдрийн тэмдэглэл гэрэл зургийн цуглуулга бий” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ