Багш нар есөн сарын нэгнээр “бойкотлоод” эхэлчихвүү?

        Наймдугаар сар дундаа орж, удахгүй хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ үед сургууль, цэцэрлэгийн багш, захирлууд, Боловсролын яамны “хурган” дарга, мэргэжилтнүүд гээд эцэг, эчхүүдэд тэдэн шиг хэрэгцээ шаардлагатай хүмүүс байхгүй болчихдог. Яг л нэг насаараа энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр гэдэг дууны үгийг санагдуулам. Учир нь танилын нүүр халуун гэгчээр үр хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулах, шилжилт хөдөлгөөн, төгсөлтийн шалгалт гээд тэднээс гуйх зүйл бишгүй дээ л их гардгийг хэн хүнгүй л мэднэ.

Хавар хичээл, сургууль амрах, намар орох үед боловсролын салбарынхан моодонд орчихдог гэхэд хилсдэхгүй биз. Ёстой л хаан, хатны суудалд суучихсан аятай “гяндгар” зангаа харуулна даа. Гэвч яг энэ үед цагаа мэдэрч байна уу гэлтэй багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэл хийгээд зуны саруудад аниргүй байсан асуудал эргэн сөхөгдөж “толгойн өвчин” боллоо.

        Тухайлбал, Өчигдөр багш нарын цалин нэмэгдүүлэх байнгын хорооноос төр засагт чиглэгдсэн мэдэгдэл хийлээ. Тэд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө цалин нэмэх асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол хичээл эхлүүлэх хүсэлгүй байна. Өнгөрсөн жилээс хойш цалингаа нэмүүлэхийн тулд зохион байгуулалтад орж, нэг жил тойрон тэмцсэн ч нэмэгдээгүй. Энэ асуудал ямар нэгэн шийдэлд хүрэхгүй тохиолдолд есдүгээр сарын 1-ээс ажил хаялт зарлана гэсэн шаардлага тавьсан юм.

Арга ч үгүй юм. Төсвөөс төсвийн хооронд аргацаадаг улс. Үнэндээ тэдний цалин бага байдаг уу гэвэл үнэхээр бага. Ямар сайндаа өнгөрсөн жил  хэд хэдэн удаа шаардлага тавьж эсэргүүцлээ илэрхийлсний эцэст зуны амралтаар хасдаг байсан анги даасан мөнгө, дэвтэр засдаг нэмэгдэл, 300 мянган төгрөгний халхавчинд дарагдаад энэ асуудал түр замхарсан.

Бусад хөгжингүй орнуудын жишгийг авч үзье л дээ. Тэд бага насны хүүхэдтэй харьцдаг гэдэг утгаараа, мөн сайн боловсон хүчин бэлтгэх нөөцийг бүрдүүлдэг хүмүүс учраас бусад салбарынхны авдаг цалингийн хэмжээнээс арай ахиу. Гэхдээ манай улсыг бодвол арав дотор багтах хүүхэдтэй харьцдаг. Гэвч манайд үүний эсрэг. Хамгийн багадаа гэхэд 30-40 хүүхэдтэй ганцхан багш ажиллана. Тийм байтал тэдний авч буй цалин амьдралд нь хүрэлцдэг үү гэвэл үгүй. Ийм ачаалалтай нойр хоолгүй ажилладаг багш нарынхаа цалинг тодорхой хэмжээгээр нэмээд өгчихвөл нээх ч буруудаад байх зүйл байхгүй. Эргээд тэдэнд тавигдах шаардлагаа тэр хэмжээгээр нь  өндөрлөөд өгчихвөл л болно. Даан ч төрд мөнгө байхгүй. Байсан ч ОУВС-гаасаа асууж таарна.

        Энэ  асуудалд Засаг төр, багш нарын холбоо гээд аль аль талдаа ямар нэг арга замаар шийдэлд хүрэхгүй бол есдүгээр сарын 1-нд эрхэм багш нараа самбарын өмнө харах нь уу, Сүхбаатарын талбайд жагсаал хийхийг нь харах нь уу гэх эргэлзээ төрүүлж байна. Харин энэ асуудал шийдэгдэж, аль нэг арга замд хүртэл багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороод, боловсролын салбарынхан улс төрчдөөс ангид байж, тэдний гар хөлийн үзүүр болчихгүй үзэл бодол, үйл хөдлөлөөрөө нийтлэг нэг эрх ашгийн төлөө яваасай л гэж бодох юм.


Т.Намуу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ