"Вэйсел Акчай бол террорист бүлэглэлтэй холбоотой эрэн сурвалжлагдаж байгаа хүн"

Эмпати сургууль, түүний удирдлагуудыг туркийн талд хүлээлгэн өгөхийг хүсч байна
Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар-Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан тухай мэдээлэл долдугаар сарын 27-ны өдрийн өглөө хамгийн анх олон нийтийн сүлжээгээр цацагдаж билээ. Түүнийг үл таних хүмүүс тухайн өдрийн 10:00 цагийн орчимд гэрээсээ гарч явахад нь барьж авч, саарал өнгийн “Toyota Alphard” маркийн автомашинд суулган, нүдийг нь боон, есөн цаг орчим энхэл донхолтой шороон замтай газраар авч явсан тухай Вэйсел Акчай суллагдсаныхаа дараа хэлсэн.
Тэр хүмүүс хэн байсан талаар цагдаагийн байгууллага, хулгайлагдсан гэгдэх Вейсел Акчай ч өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар хийгээгүй байна. Мөн тус өдөр Туркээс “СТ 4010” дугаартай онгоц анх Хөшигийн хөндийд бууж, дараа нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь “хулгайлагдсан” иргэнийг авч явах зорилгоор ирсэн байж болзошгүй гэх хардлагыг тухайн үед төрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Турк, Монголын сургуулийн багш, оюутнууд, мөн төгсөгчид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гадаа эсэргүүцэл илэрхийлж, гэм буруугүй хүнийг суллахыг шаардсаны хүчинд Вэйсел Акчай Монголд үлдсэн.
Эл хэрэгтэй холбогдуулан өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Турк улсад 2016 оны долдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийхээр оролдсон Фетуллах Гулен болон түүний удирддаг ФETO бүлэглэлийн террорист үйл ажиллагааг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Эмпати сургуулиуд санхүүжүүлж байна. Тиймээс Эмпати сургуулиудыг, удирдлагуудыг нь Туркийн талд хүлээлгэн өгөх талаар сүүлийн үед болсон хоёр орны айлчлал, уулзалтуудаар байнга илэрхийлж байгаагаа хэлсэн” хэмээн ярив.
Турк сургуульд сурч буй сурагчдад ямар нэг асуудал гарахгүй
Сэтгүүлчид Элчин сайд Ахмед Язалаас “Турк сургуулиудыг танай Засгийн газарт хүлээлгэн өгөх талаар Монгол Улсад удаа дараа уламжилсан. Эмпати сургуулиудад сурч буй хүүхдүүдийн асуудлыг яаж шийдэхээр ярилцаж байгаа вэ” хэмээн асуухад “Энэ талаар олон удаа байр сууриа илэрхийлж байна. Турк сургуульд сурч буй сурагчдын хувьд ямар нэгэн асуудал гарахгүй. Гол нь эцэг, эхчүүдийн төлж буй төлбөр террорист байгууллагыг санхүүжүүлэхэд зарцуулагдаад байгаа нь Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч улс болон ойлгогдож байна.
Манай талд сургуулиудыг хүлээлгэн өгснөөр сурагчид өнөөдөр хичээлээ тарлаа маргааш өглөө сургуульдаа ирэхэд нь ямар нэгэн өөрчлөлтгүй байхгүйгээр, хэвийн үйл ажиллагаа явуулна. Өнгөрсөн саруудад болсон Турк Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын айлчлалын хүрээнд энэ асуудал яригдсан. Монгол Улсаас Турк улсад хийгдсэн албан ёсны айлчлалуудын үеэр ч яригдсан гэдгийг хэлмээр байна.
Турк, Монгол Улс тус тусдаа хууль тогтоомжтой. Тиймээс өөрсдийн орны хуулийн дагуу яаж шийдэж болохоор байна, ялангуяа Монголын тал яаж шийдэхээс хамаарна. Манай улсын зүгээс Монгол Улсад сонголт тулгаад байгаа зүйл байхгүй. Хамгийн чухал нь сурагчдын эрх ашиг. Бидний зүгээс энэ сургуулиудыг ФЕТО байгууллагын удирдлагаас холдуулах л хүсэлтэй байна” гэсэн тайлбар өгсөн юм.
БНТУ-ын “СТ 4010” дугаартай онгоц яагаад Монгол Улсад нууцаар ирсэн, гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан талаар асуухад “Нууцаар ирсэн онгоц биш шүү дээ. ГХЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Улаанбаатарт буусан онгоц. Монголын талын зөвшөөрөл, мэдээлэлгүй байхад ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулна гэж байхгүй гэдгийг дахин хэлмээр байна” хэмээн Элчин сайд Ахмет Язал мэдэгдсэн юм.
"Фето бүлэглэл гэж юу вэ"
2016 онд Туркэд цэргийн хүчийг ашиглан, төрийн эргэлт хийхийг оролдсон 'ФЕТО' бүлэглэл нь 1970 онд байгуулагдсан. Түүний толгойлогч нь Фетхуллах Гюлен билээ. Фетхуллах Гюлен бол Исламын шашин судлаач, номлогч, нийгмийн зүтгэлтэн юм. 'ФЕТО' бүлэглэл нийгмийн дунд анх гарч ирэхдээ “Туркэд шашны эрх чөлөө алга байна” хэмээх уриа дор санаа бодлоо илэрхийлж байсан. Үүгээрээ олон гишүүн, дэмжигчдийг татаж чадсан ажээ.
'ФЕТО' бүлэглэл боловсрол, хүмүүнлэг гэсэн хоёр чиглэлд үйл ажиллагаа явуулан шинэ гишүүдийг элсүүлдэг. Тэд өөрсдөө сургууль байгуулан амьдралын боломжгүй, ядуу иргэдийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх замаар тархийг нь угаадаг. Улмаар тэднийг төрийн шийдвэр гаргах албан тушаалд шургуулан, өөрсдийн хорон санаагаа хэрэгжүүлдэг ажээ.
Энэ мэтчилэн 1970-аад оноос хойш өнөөг хүртэл Туркийн төрийн бүхий л салбар, нэгжид “ФЕТО”-гийн гишүүд, дэмжигчид шургалсан ажээ. Тэд даалгавраа ухаалаг утасны аппликейшн ашиглан авдаг төдийгүй тэрхүү аппликейшн нь нууцлалын маш өндөр түвшинд бүтээгдсэн байдаг гэнэ. 'ФЕТО' бүлэглэлийн техник технологи төрийн байгууллагын ашиглаж буй техник, тоног төхөөрөмжөөс илүү байх магадлалтай гэнэ. Туркийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллага тэдний даалгавраар ажилладаг. Хорих ангийн хянагч нарт ч итгэхэд бэрх болсон ажээ.
Мэдээж, тэдний дундаас баригдсан, баривчлагдсан, буруугаа ухамсарласан хүмүүс олон. “ФЕТО” аливаа байгууллагын хүний нөөцийн албан тушаалд өөрийн хүмүүсээ шургуулж, өөрсдийн хүмүүсээ эрх мэдэлтэй албан тушаалд томилуулдаг юм байна.
''Туркийн Засгийн газар яагаад хариу авдаггүй вэ гэж үү. Мэдээж, бид тэдэнтэй тэмцдэг. Биднийг тэмцээд эхлэхээр тэд хариу барьдаг. Энгийн ард иргэд хохирдог. Бид буруутай юу гэвэл буруутай. Би цаг хугацаа алдсан, эртхэн сэрэмжлэх ёстой байсан. “ФЕТО” бол улс доторх улс гэж хэлэхэд хилсдэхгүй. Туркийн төрийн эргэлт амжилтгүй болсны дараа жагсаал болсон. Тэрхүү жагсаалд таван сая хүн оролцсон. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүс байсан. Улс төрийн намын төлөөлөл хүртэл байлаа. Тэд маш аажим аажмаар, тэвчээртэйгээр хөдөлдөг. Төрийн институтийн хялгасан судас руу нь ортол өөрсдийгөө гэж мэдэгдүүлдэггүй'' - хэмээн БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал ярьж байлаа.
Элчин сайд М.Ахмет Язал 'ФЕТО' бүлэглэлийн талаарх яриагаа үргэлжлүүлэхдээ ''Тэд зөвхөн Туркийг заналхийлээгүй. Сургууль, хүмүүнлэгийн үйлс эрхлэн, аж ахуй нэгж байгуулан хилийн чанадад хүрээгээ тэлж байна. Тэдний капитал Туркэд 10-15 тэрбум ам.доллар, дэлхийд 100 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Нүүрэн дээрээ ядууст тусалж байгаа мэт харагддаг боловч үнэндээ тэд дэлхий нийтийг хамарсан террорист ажиллагаа явуулж байна. Монгол дахь Турк сургуулийн эзэмшлийн асуудал хурцаар тавигдаж байна. ФЕТО бүлэглэл сургуулиар дамжуулан шинэ гишүүн элсүүлэх, монголчуудын сургалтын төлбөр гээд өгч байгаа мөнгөөр террорист ажиллагаа зохион байгуулж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна'' гэсэн юм.
“ФЕТО” бүлэглэл нь долоон давхаргаас бүрддэг. Хамгийн дээд талд нь Фетхуллах Гюлен байдаг бөгөөд хамгийн доод давхаргад нь шинээр элссэн гишүүд байдаг ажээ. Харин Вэйсел Акчай бол 3 эсвэл 4 давхаргад байдаг. Тэр үйл ажиллагааны хяналтыг шалгадаг эсвэл үзэл суртал хариуцсан хүн байх магадлалтай хэмээн Туркын талаас тооцоолсон байна.
''Гэхдээ бидний сэтгэлийг амрааж байгаа нэг зүйл бий. Монгол хүний дархлаатай холбоотой юу, турк сургуулийг төгссөн монголчууд тэдний тархи угаалтад автаагүй байгаа нь ажиглагдаж байна. Иймээс бидэнд сургуулиа аврах боломж байна. Сургууль удирдаж байгаа хүн тэндээс ашиг унагааж, террорист ажиллагаа санхүүжүүлж болохгүй, сурагчдын замыг буруу заах вий гэдгээс эртхэн болгоомжилж байна. Өглөө сэрээд хүүхэд сургууль дээрээ очиход сургууль дээр нь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаасай л гэж бид хүсч байна'' - гэж Элчин сайд тэмдэглэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ