Д.Сумъяабазар сайд албан даалгавар хүргүүлэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн 2017 оны аравдугаар сард сайдын ажлаа авуутаа “Сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж байсан билээ.
Энэ сарын 14-ний өдөр тэрбээр “Сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” дахин албан даалгаврыг холбогдох газруудад хүргүүлсэн байна.
Уг албан даалгаварт ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, ажилтан, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах,цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэхийг тусгажээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төрийн болон төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад дараах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна. Үүнд: ажилтан, албан хаагчдын сахилга бат, дэг журам, ёс зүй, ажлын хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны стандарт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдүүлэн ажиллах, ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай тусгажээ.
Мөн төв, орон нутгийн дулааны цахилгаан станцуудыг хангадаг нүүрсний уурхайнууд, салбарын томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, өвлийн ид ачааллын үед хүрэлцэхүйц шатахуун, түлшний нөөцтэй байлгахад онцгой анхаарч, хяналтыг сайжруулан, хариуцлагыг чангатгахыг үүрэг болгосон байна.
Энэхүү албан даалгаврын дагуу ажлын төлөвлөгөө гарган зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд хариуцуулжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ