УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал энэ сарын 24-ний өдөр буюу ирэх баасан гариг хүртэл хойшиллоо. Учир нь уг хэргийн хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү хойшиллоо. 

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Тодруулбал, түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ