Хэн мэдээлэлтэй байна, тэр дэлхийг захирдаг

Хэн мэдээлэлтэй байна, тэр дэлхийг захирдаг. Ийм хэллэг манай эрин зуунд гарсан гэж бодож болох л юм. Гэтэл огт үгүй юм аа. Ротшильдын овгийнхныг үндэслэгч Майер Амшель энэ өгүүлбэрийг удаа дараа хэлдэг байжээ. Түүнийг санхүүгийн бүхэл бүтэн эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болчихно хэмээн хэн ч бодож байгаагүй биз. Түүний эцэг Амшель Мозес Бауэр мөнгө сольдог жижигхэн контортой байсан бөгөөд хаалгаа улаан өнгийн хаягаар чимсэн байдаг байжээ. 1754 онд Амшель Мозес нас барж, удалгүй түүний гэргий ч өнгөрсөн байна. Тэдний 11 настай хүү Майер Амшел өнчин хүүхдүүдийн төлбөргүй сургуульд явсан ч, тун тааруухан сурч байжээ.
Эцгийнхээ жишгээр тэрээр эртний зоос сонирхож, улмаар хуучин зоос хайж, дараа нь цуглуулагчдад дамлан зардаг байж. Хэдэн жилийн дараа залуу өөрийн гэсэн хуучны эд өлгийн мухлагтай болж, сүүлд нь Европын хамгийн сайн санхүүгийн мэргэжилтэн болсон байна. Энэ үед тэр өөрийн Бауэр овгийг Ротшильд гэсэн овгоор сольжээ. Яагаад Ротшильд байдаг билээ? Германаас орчуулвал, энэ нь “улаан хаяг” гэсэн үг ажээ. Түүний эцгийн мухлагийн үүдэнд ийм өнгийн хаяг байдаг байсан аж.
Майер Амшель Ротшильд 1812 оны есдүгээр сарын 19-нд нас барж, өөрийн таван хүүд олон саяын өв болон “Хэн мэдээлэлтэй байна, тэр дэлхийг захирна” гэсэн захиасыг үлдээжээ. Энэ нь зүгээр ч нэг өгүүлбэр биш байжээ. Хөвгүүд нь эцэг Ротшильдын зөвлөгөөг хэдхэн жилийн дараа амжилттай хэрэглэжээ. 1814 онд Францын эзэн хаан Наполеон Бонапарт Эльба аралд цөлөгдөж, удалгүй тэндээс эсэн мэнд оргон, дахин засгийн эрхэнд гарчээ. Европын хаадын эвсэл түүний эсрэг тэмцэж, харин 1815 оны зургаадугаар сарын 18-нд Ватерлогийн дэргэд шийдвэрлэх тулалдаан болсон байна.
Тэр үед орчин үеийнх шиг тийм холбооны хэрэгсэл байгаагүй нь мэдээж. Тиймээс тулалдааны үр дүнгийн тухай мэдээг европын нийслэлүүдэд хэдэн өдрийн дараа л авч байжээ. Харин нийт Европ даяар өөрийн төлөөлөгчдийн маш сайн сүлжээтэй байсан Ротшильдүүд Наполеон ялагдаж байгаа тухай мэдээг албан ёсны мэдээнээс нэг хоногийн өмнө мэдэж байжээ. 1915 оны зургаадугаар сарын 20-нд ах дүү Ротшильдуудын нэг Натан Лондон хотын биржид их л баргар царайтай ирж, Англи улсын зээллэгийн олблигацийг яаравчлан борлуулж эхлэсэн байна.
Харин энэ облигацийг худалдан авахыг хүссэн хүн цөөхөн байсан бөгөөд английн цэрэг сүйрлийн цохилт авч, тиймээс ч энэ орны облигациас яаралтай салах хэрэгтэй гэдгийг бүгд ойлгосон байна. Ийнхүү Ротшилдын жишээгээр бүгд л облигацийг худалдаж эхлэснээр, үнэт цаас боодлын цаас шиг өртөгтэй болж, ханш нь навс унасан байна. Харин Ротшильдынхны төлөөлөгчид зүгээр суугаагүй бөгөөд облигацийг хамгийн бага үнээр худалдан авч байжээ. Ватерлоогийн дэргэд Наполеон цохигдсон тухай мэдээ дараа өдөр нь ирсэн байна. Мэдээж ийм мэдээ гарсны дараа Английн обгилгацийн үнэ эрс өсч, харин тэр үед облигацийн ихээхэн хэсэг Ротшильдынхны гарт төвлөрөөд байсан хэрэг.
Санхүүгийн магнатуудын энэ бүлгийн цэвэр ашиг ганцхан өдөрт 200 сая гаруй фунт стерлинг болжээ. Ийнхүү эцгийнх нь гэрээслэл маш хэрэг болсон нь тэр. Ах, дүү Ротшильдүүдийн санхүүгийн ийм гүйлгээний тухай 19 дүгээр зууны эхээр л Гиннессийн алдарт номыг зохиогчид эргэн санасан байна. Натан Ротшильд бүх цаг үеийн хамгийн шилдэг санхүүчээр уг номонд оржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ