Н.Энхбаяр: МАНАН-г ялахгүй бол Монгол ялагдана

МАХН, Монголын ногоон нам, Иргэний Зориг ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан нам хамтарсан мэдэгдэл гаргасан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР "МАНАН-гийн бүлэглэл аливаа сонгуульд хүнийг нь эсвэл намыг нь оролцуулахгүй гэж хасдаг боллоо. Бүр сүүлдээ сонгуулийг нь хасдаг байдлаар монголд өнөөдөр ардчилал, хариуцлагатай төр бий болгож чадахгүй. Нөхөн сонгуулийг яаралтай явуулж Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэдийг төлөөлөлттэй болгох хэрэгтэй. Нөхөн сонгуульд манай намаас хэн ч нэр дэвшсэн ялахын төлөө ажиллана. МАНАН-г ялахгүй бол Монгол ялагдана. МАНАН-г ялж байж Монгол ялна. Зөвхөн Хэнтий аймгийн сонгууль биш. Энэ бол монголын ард түмний сонгууль. Монголд өнөөдөр МАН, АН-аас өөр нам байхгүй юм шиг тэд бодож 26 жил жүжиг тавилаа" гэлээ.
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ДАРГА Ц.ГАНХУЯГ "Манай намыг намынхаа зарлагын тайланг өгөөгүй гэдэг шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан. Энэ нь сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж буй хэлбэр. Сонгуулийн ерөнхий хороо шүүх байгууллага болж хувирсан байна. Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг, намын дотоод үйл хэрэгт оролцдог зэрэг улс төрийн намын үйл ажиллагаанд илт халдах болсон. Сонгуулийн ерөнхий хороонд томилогдсон удирдлагууд нь хоёр намын гар хөл болж, тэднийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг ийм л байгууллага болж хувирсан. Уг нь бол СЕХ-ны үүрэг нь сонгуулийг будилаангүй, шударга явуулах үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага шүү дээ. Гэтэл төрийн үйлчилгээний байгууллага нь өөрөө өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, улс төрийн намын эрх чөлөөнд халдаг байгууллага болчихсон байна. Монгол Улс иргэнийхээ сонгох, сонгогдох эрхэд хэзээ халдаж болох уу гэхээр дайны болон онц байдал зарлагдсан тохиолдолд Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон хүний эрхэд хязгаарлалт хийж болно гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үүнээс бусад тохиолдолд улс төрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх, тухайн нэр дэвшигч гэмт этгээд биш л бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг ямар ч эрхзүйн орчин байхгүй. Гэтэл СЕХ Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж манай намыг нөхөн сонгуульд бүртгэхээс татгалзлаа. Нэр дэвшигчийн болон намын зарлагын тайлан гэж хоёр төрөл. Манай намын нэр дэвшигч тухайн үед зарлагын тайлангаа аудитаар баталгаажуулаад хуулийн хугацаанд нь өгсөн байдаг" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ