Ж.Батзандан ард нийтийн санал асуулгаар системийг шинэчлэхийг уриаллаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан системийн шинэчлэлийг эхлүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
"Миний бие Улсын Их Хуралд хоёр дахь удаагаа сонгогдоод, зургаа дахь жилдээ сууж байна. Энэ ордонд юу болдгийг, юу болдоггүйг хангалттай харлаа. УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө Иргэний хөдөлгөөний шугамаар олон жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Авлигын эсрэг жагсаал хийж байлаа. Газрын хэвлий доорхи баялгийг үр шимийг монголын ард түмэнд хувьцаа ногдуулах замаар хүртээх тэмцлийг эхлүүлж байсан. Дөрвөн жилийн өмнө Офшорын эсрэг хуулийг анх санаачлан УИХ-д оруулж байсан. Энэ бүхэнд Батзанданд итгэж, хамтдаа тэмцэж ирсэн олон мянган монголчуудын хүсэл зоригийг хамгаалахын тулд би Их Хуралд орж ирсэн.
ӨНӨӨДӨР БИД ЯМАР НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА ВЭ
Өнөөдөр Монгол Улсын өр 25 тэрбум ам.долларт хүрлээ. Хоёрхон жилийн дотор өрийн хэмжээ хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Ажилгүйдэл 30 хувьд хүрлээ. Хоёр өрх тутмын нэг нь ядуу амьдарч байгааг Дэлхийн банкны судалгаа харуулж байна. Банкны хүү 25-30 хувьтай байгаа. Ийм өндөр хүүтэй зээл аваад бизнес хийхэд маш хэцүү байна гэдгийг бизнес эрхлэгчид байнга хэлдэг. Банкны салбарын нийт ашиг жилдээ 350 тэрбум төгрөгт хүрч байна. Эрдэнэт үйлдвэрийн жилийн ашиг 250 тэрбум төгрөг байдаг. Монголчуудыг тэжээлцдэг энэ том үйлдвэрээс илүү их хэмжээний орлогыг банкны эзэн гэх хэдхэн гэр бүл олж байна. 60 тэрбумын асуудлыг шийдэж чадсангүй. Уучлал гуйгаад өнгөрөх юм шиг байна. 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан прокурор ажлаасаа халагдаад дуусах байх. 60 тэрбумд орооцолдсон нөхөд одоо гадаадад зугаалцгааж байна.
Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг шийдэж чадахгүй байна, шударга ёсны хайчийг хөдөлгөх гэхээр хоёр талаас нь хавччихаад болохгүй байна, олигарх бүлэглэлүүд ЗГ, УИХ-ыг атгандаа оруулчихаад байна гэдгийг ХЗДХ-ийн сайд нь мэдэгдлээ. Эрдэнэтийн хэрэг, С.Зориг агсны амь наёыг хөнөөсөн хэрэг гэхчлэн улс орны эрх ашигтай холбоотой томоохон хэргүүд хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Албан тушаалын хэргүүд прокурор, шүүх дээр очоод гацдаг болсон. Асар их хөрөнгөжсөн прокурор, шүүгчдийн асуудлыг ярьсан УИХ-ын гишүүдийг шүүх, прокурорынхон айлган дарамталдаг болсон. Би энэ талаар иргэдтэйгээ ярилцахыг хүсч байна. Монгол Улс сүүлийн хорин жилийн хугацаанд хоёр жил тутамд нэг Засгийн газар солилоо. Засаг солих амархан.
Гэхдээ Засгийн газрыг солиод юу ч дээрдэхгүй байгааг бид харлаа. Олон сонгууль хийж үзлээ, олон удаа эрх барих улс төрийн хүчнийг сольж үзлээ. Олон ч баталлаа. Тухайлбал, 1992 онд Үндсэн хуулиа баталсан. 1996 онд ХЭҮК-ийг байгуулсан. 2004 онд Захиргааны шүүхийг байгуулж, 2014 онд Захигааны ерөнхий хуулийг баталсан. 2007 онд Авлигын эсрэг хууль баталж, АТГ-ыг байгуулсан. АТГ нь авлигатайгаа тэмцэж чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 90 хувь нь хэлж байна. Шүүх засаглал нь шударга ёсыг тогтоож чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 95 хувь нь хэлж байна. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг хамгаалж чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 80 хувь нь хэлж байна.
ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛААС ГАРАХЫН ТУЛД АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫГ ЯВУУЛЪЯ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ