Үхлийн аюултай манан буюу “Их утаа” Лондон хотыг хэрхэн бүрхсэн нь


 

1952 оны арванхоёрдугаар сарын 5-нд Английн түүхэнд экологийн хамгийн аймшигт  явдал болсон нь “Их утаа” юм. Умард тэнгисийн дулаан агаар Лондон хотын дээр тогтож, энэ нь  урт гэгчийн  таван өдрийн турш  хотыг  нэлд нь бүрхжээ.  Энэ хугацаанд Лондон хотын 5 мянга гаруй оршин суугч нас барж, 100 мянга гаруй хүнд эмнэлгийн туламж үзүүлэх шаардлагатай болж,  энэ өдрүүдэд нас баралт ердийнхөөс  бараг найм дахин  их байжээ.

 

Лондон хотын агаарын урсгалыг Умард тэнгис болон Лан-Маншийн хоолойгоос үлээдэг салхи зохицуулж,  энэ нь  нэг ёсны байгалийн цэвэрлэгээ болдог  байна.  Салхи мананг хөөж,  Лондон хот нарны гэрэлд умбадаг өдрүүд ч  байдаг.  Харамсалтай нь, 1952 оны арванхоёрдугаар сард  агаар Лондон хотын дээр  хөдөлгөөнгүй тогтжээ.  Бохир бодисууд шингэсэн мананг хөөчих хангалттай хүчтэй салхи байгаагүй учир, хүмүүс  маш их бохирдсон агаараар амьсгалахаас аргагүйд хүрч байсан байна.

 

Хүмүүс ганц удаа ч болов цэвэр агаараар амьсгалахаар эмнэлэгт гуйвж дайвсаар ирдэг байсан тухай өгүүлсэн эмнэлгийн дүгнэлт байдаг аж.  Зарим нь эмнэлэгт хүрч чадалгүйгээр, бүтэж нас барж байжээ.  Манан маш өтгөн байж.  Нисэх буудлууд  хаагдаж, түргэний машинууд Лондоны гудамжаар цагт таван килметрийн хурдтай явж, өмнөх зүйлс бараг харагддаггүй байсан  байна. Манан байшин барилгын дотор нэвтрэхэд, мөн л үзэгдэх орчны асуудал  гардаг  байж.  Лондон хотын эмнэлгүүд амьсгалын замын өвчтэй хүмүүсээр удалгүй дүүрч, хотод нас баралт  ихсэж эхэлсэн байна. Эхлээд эдгээр баримтыг  мэдээлдэггүй байсан ч,  хэдхэн өдрийн дараа буяны газруудад хайрцаг сав, цэцгийн худалдаачдын цэцэг дуусчээ.  Түргэний машинууд  өвчтөнд амжиж хүрч  чадахаа больж,  хот тэр чигээрээ  нэг том  түгжирэлд  орж,  байрнаасаа хөдлөх  аргагүй болдог байсан байна.

  Хүмүүс хүчилтөрөгчийн дутагдлаар нас барж байжээ. Арванхоёрдугаар сарын 8-нд Лондонд дахин салхи салхилж эхэлсэн ч,  амь тавих хүртлээ  ханиалган, бүтэж үхэж байсан олон мянган иргэний хувьд хэтэрхий оройтсон хэрэг байжээ.  Нас барсан хүний тоо нэг мянгаас давахад, парламентын нэг гишүүн хэлэхдээ, “Энэ нь бараг  үй олноор нь хөнөөх хэмжээний явдал болж байна” хэмээн уулга алдаж байсан гэдэг.

  Агаарын бохирдол  Лондон хотын хувьд ямагт  ноцтой асуудал байсан бөгөөд “1952 оны их утаа” нь байгальд Лондон хотынхоны хандах хандлагыг өөрчилсөн байна. 1953 оны эхээр британийн засгийн газар Лондон хотын агаарын чанар болон бохирдлын их түвшингийн талаар томхон судалгаа яаралтай явуулахаар болжээ. Бүр 1956 онд Их Британи Цэвэр агаарын тухай хууль баталсан  (АНУ-д ийм хууль батлахаас долоон жилийн өмнө) нь  агаарын бохирдлыг эрс бууруулсан байна.  Гэвч 1962 онд өөр нэг аймшигт мананд Лондон хот дахин өртөж,  агаарын чанарыг мэдэгдэхүйц өөрчлөхөд зургаан жил хангалттай биш  болохыг харуулсан юм.  Гэвч энэ удаа нас баралтын тоо хавьгүй цөөн байсан бөгөөд 136 хүн нас барсны дийлэнх олонхи нь  амьсгалын замын  болон зүрхний  элдэв өвчтэй  хүмүүс байжээ.  Бараг нэг мянган хүнд эмнэлгийн тусламж  үзүүлэх шаардлага гарч, гэхдээ нийт хохирол “1952 оны их утаа” гэгддэг тэр гамшигтай харьцуулахад шалихгүй байжээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ