Мансуурах донтой хүнийг албадан эмчлэх саналыг цагдаагаас гаргаж, шүүх шийднэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хууль санаачлах болсон үндэслэл нь хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлын хүрээнд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох, энэ газарт эмчлүүлж байгаа хүний эрх зүйн байдлыг сайжруулахад юуны түрүүнд даган мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага тавигдаж байгаа аж.
Хуульд тодорхой заагаагүйн улмаас Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх, хуульд заасан боловч хэрэгжих боломжгүй байгаа зарим зохицуулалтыг халах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.
Мөн Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенци болон сүүлийн үед батлагдан гарсан бусад хуультай энэ хуулийн зүйл, хэсэг, заалт, нэр томьёог нийцүүлэх шаардлага байна гэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өсвөр үе, залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодист донтох байдал ихэсч байна. Тиймээс энэ чиглэлээр судалгаа хийж, судалгааны үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэв.
УИХ-ын гишүүн М.Билэгт "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар худалдан борлуулж буй этгээдүүдтэй хэрхэн тэмцэх, үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын хэрхэн хийж байгаа вэ"
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэргийн хэмжээнд зохицуулагдсан байгаа. Мөн Засгийн газар, яамны зүгээс уг асуудалд онцгой анхаарч Цагдаагийн ерөнхий газрын даргын шууд удирдлагын дор энэ асуудлыг дагнан хариуцах бие даасан нэгжийг мэргэшсэн 30 гаруй албан хаагчтайгаар байгуулан ажиллуулж байгаа.
Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлууд нэлээд гүйцэтгэгдэж байгаа бөгөөд хил, гааль тэргүүтэй улсын хэмжээнд хууль хүчний бүх байгууллага урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах шаардлага бий. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүй ёсных бөгөөд үүний зэрэгцээ урьдчилан сэргийлэх, иргэдийг сэрэмжлүүлэх механизмийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
ХЗДХЯ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг боловсруулах, холбогдох байгууллагуудаас санал авах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа"
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Төсөлд албадан эмчилгээг 3-6, давтан эмчилгээг 6-12 сар гэсэн байгаа нь хангалттай юу"
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Төсөлд согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч, сум, хорооны нийгмийн ажилтан, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр гаргахаар тусгасан байгаа" гэлээ.
Төсөлд иргэнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргах зохицуулалтыг тусгажээ. Цагдаагийн байгууллага холбогдох материалыг бүрдүүлж, албадан эмчилгээнд явуулах хүнийг шүүхэд шилжүүлэх бөгөөд уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүхийн онцгой ажиллагааны журмын хүрээнд шийдвэрлэгдэх аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ