Ард түмний ноён нуруу аль хүртэл тэсэх юм болдоо?


 

 Хятад улс нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойгоо тэмдэглэж, 700 сая гаруй хүнийг ядуурлаас гаргасанаа зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчидыг улам бүр татахаа мэдэгдэж байна. Монголын ардчилалаас арав ч хүрэхгүй жилийн өмнө хэрэгжүүлсэн нээлттэй хаалганы бодлого онц дүн тавиулж байхад Монголын 30 нас хүрэх гэж байгаа ардчилалд аюул тулан амь тэмцэж байна.

Гурван сая хүрэхгүй хүн амаа ядууралаас гаргаж чадахгүй тэлчилж байгаа Монголын улс төрчид жалга довон дотроо л төсвийн хэдэн төгрөгөө хэрхэн иргэдээ зальдаж, хуурч хувааж авах вэ гэж уралдахаас дэлхийн хэмжээнд сэтгэх тухай бодож сэтгэж чадахгүй  байгаа нь бөмбөрцөг даяар танигдаж, доог тохуу болох болов. Тэнэг хүн тэнэгтээ цэцэн гэдэг л бидэнд нүүрлээд байна.

Нэг л их том цүнх барьсан, гадаадаар ярьсан, төсөл, хөтөлбөр сугавчилсан чухал царайтай дарга нар. Сэтгэх нь төсвөөс бүрдүүлсэн сангийн мөнгөө хэрхэн хурдан, түргэн хувааж идэх хэмжээнд эргэлддэг нь өрөвдмөөр. Ярих нь хөхөө мэт уянгатай, явдал үйлс нь сармагчин адил, хулгайд дуртай нь хээрийн чоно мэт, хээнцэрлэж гангарах нь тогос ч ичмээр, хулгайгаа бахдах нь цөөвөр чоно мэт хүмүүсийн бүрдэл хаана байгааг өөрсдөө мэдэж буй биз.

Ухаантай удирдагч улсаа хөгжүүлдэг бол ухаангүй тэнэгүүд улсаа сүйрүүлдгийн жишээ Монголчууд болж, хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдэж ч магадгүй нь. Гурван сая хүн, бичиг үсэгт бүрэн тайлагдсан, газар нутаг, байгалийн баялагаар шавхагдашгүй хэмээн бахархдаг ард түмэн хорин нэгдүгээр зуунтай золгож байсан нь саяхан. Харин өдгөө бичиг үсэггүй иргэд бий болж, газар нутаг нь гадныханы мэдэлд шилжиж, байгалийн баялаг гадагш урсч, доройтсон ард түмэн шударга бус хуулийн дор мөхлөө хүлээж байна гэвэл хатуудахгүй. Нэгэнтээ Оросын монголч эрдэмтэн Лев Гумалев “Монголчууд 500 хүрэхгүй жилийн хугацаанд мөхнө” гэж хэлээд мөн ч баалуулсан даа. Гэтэл өнөөдөр өмнөд хөрштэй өөрсдийнхөө байр байдлыг харьцуулбал тавин жил тэсэх үгүйгээ ч мэдэх арга алга.

Өмнөд хөрш нэг минутын дотор 20 хүнийг ядуурлаас гаргаж байгааг дэлхий нийт онцолж байхад Монголд нэг минутад хорин дарга хөнгөлттэй зээл авдаг нь ил болов. Жирийн иргэд хорин жил зээл авах гэж зүтгэж байхад УИХ-ын гишүүн, Ерөнхий аудитор, прокурорын орлогч мэтийн хорин дарга нэг минутад зээл аваад авсан зээлээ ард түмэндээ зээлдүүлж мөнгө угаах нь мафижсан улс оронд ч байхгүй мөнгө хүүлэлт юм.

Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажина гэдэг. Сүүлдээ гайхшаа барсан төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нь “эрх хүүхдүүд”-ээ аргадаж, улс орноо самархаасаа өмнө суудлаасаа буухыг гуйлаа. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг шиг ард түмнээ хуурч, буруу эрхэлсэн “гобсек”-үүд гэмшинэ гэдэг юу л бол. Харин ч эсрэгээрээ бүгдээрээ адилхан шүү хэмээн өмнөх, хойдох алдааг нь ухаж төнхөх болов. Энэ мэтээр өнгөрсөнтэйгээ зууралдаад байвал улс орон хөгжих гэхээсээ уруудаж урагшлан хөгжих нь мөрөөдөл хэвээр үлдэх биз.

Ёс зүй, хүний ичих мэдрэмж Монголын төрд буй эрхмүүдэд нэгэнт байхгүй нь тэдний гаргаж байгаа үйлдэл, хэлж буй үг, илэрхийлж байгаа байр сууринаас нь харагдана. Хорин дарга нэг минутад зээл авахаар уралдах нь нэр төрийн хэрэг болсон Монголд нэг минутад хорин айлын амьдрал сүйрч байгааг дэлхий нийт санууллаа, хэллээ, цөхөрлөө. Ард түмний ноён нуруу аль хүртэл тэсэхийг харах л үлдээд байх шиг.

Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг. Харин ч эсрэгээр Монголын төр бурууд ташуурч, хувийн эрх ашгаа дээдэлж, ард түмнээ хөсөр хаягсадад л хатуу биз. Засгийн газрын хэд хэдэн сайд огцорч мэдэх ч төрийн хууль цаазын шударга ёсыг сэргээж, улс орноо сэхээх горьдлогыг иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүлээж байна. Энэ хүлээлт талаар болбол цаашид хэрхэхийг ёстой л хөх тэнгэр мэдэх биз ээ.

Д.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ