Азийн хөгжлийн банктай 85,6 сая ам.долларын санхүүжилттэй гэрээ байгуулав

Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн тогтолцоо, татварын зохицуулалт, хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Үүний хүрээнд 85,6 сая ам.долларын санхүүжилттэй тус бүр хоёр зээл болон буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулав.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлж Ёланда Фернандез нар өчигдөр тус гэрээнд гарын үсэг зуржээ.
Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нар болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх ажлыг хийнэ.
41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлнэ.
Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй цахилгаан авдаг баруун бүсийн алслагдмал аймгуудад амьдарч буй 260,000 орчим иргэн байгаль орчинд ээлтэй, найдвартай эрчим хүчээр хангагдана. Төсөлд АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттөй зээлээс гадна Уур амьсгалын стратегийн сангаас 14,6 сая ам.долларын буцалтгүй тусламж, Япон Улсын хамтарсан кредит олгох сангаас 6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг тус тус зарцуулна гэлээ.
Харин Татварын удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг сайжруулах төслөөр удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх, шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмж, сүлжээг шинэчлэх ажлыг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм.
АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез гарын үсэг зурах ёслолын үеэр "Эдгээр төслүүд нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ. Улмаар үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн АХБ-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн ерөнхий агуулгатай эдгээр төслийн зорилго явц цав нийцэж байна" гэдгийг цохон тэмдэглэжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ