Ж.Батзандан: Төр нь ард түмнийг хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас асуумаар байна

УИХ дахь АН-ын бүлгээс шатахууны үнийн нэмэгдэл болон Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийн зээлийн асуудлаар Засгийн газрыг огцрохыг шаардаж буй. Шатахууны үнэтэй холбоотой тус намын байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэд өнөөдөр /2018.11.05/ Төрийн ордныг тойрч, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн, жагсаал, цуглаан хийж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны үнийг чөлөөт зах зээлийн тогтолцоонд даатгаж орхилоо, бид оролцохгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ цаг үеэс эхэлж шатахууны үнэ эрс нэмэгдсэн. Бүх зүйлийг чөлөөт зах зээлд даатгахаар иргэд л хохирдог. Гэтэл ОХУ-ын Ерөнхий сайд бензиний үнийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Польш, Унгар, Солонгос, Япон гээд бараг бүх улсад шатахууны үнийг хатуу барина. Төрийн оролцоо, төрийн хяналтыг тогтооно гэдгээ мэдэгдэж байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд шатахууны үнийг барихгүй гээд экспортлогч компаниудад нь даатгаж байна.
Энэ бол либерал эдийн засгийн гажуудал Монгол Улсад бий болж байгаагийн илрэл. Шатахуун экспортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ Засгийн газрын том алдаа. Хуйвалдааны замаар шатахууны үнийг өсгөж байна. Суурь үнэ өсөхөөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Тиймээс ч эцсийн дүндээ иргэд хохирч, ядуурал нэмэгдэнэ. Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн нуруунд ачааны хүнд буудаг. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Шатахууны үнийг сул тавьж байгаа Засгийн газрын бодлогыг бид эрс эсэргүүцэж байна. Ардчилсан намын Засгийн газрын үед буюу 2012-2016 онд шатахууны үнийг хатуу барьдаг байсан. Гэтэл шатахууны үнэ одоо 2000 гараад явж байна. Цаашдаа 20.000 хүрвэл юу болох вэ. Засгийн газар бодлогоо өөрчлөхгүй бол ард түмнийг хэн хамгаалах юм бэ. Төр нь ард түмнийг хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас асуумаар байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ