Ж.Мөнхбат : Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 5-6 гишүүн гарын үсгээ зурна гэдгээ надад илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр "Би өнөөдөр хоёр үндсэн асуудлаар мэдээлэл хийхээр бэлтгэлээ. Нэгд, миний зөвлөхийн биед халдсан асуудал. Хоёрт, УИХ тарах, Засгийн газар огцрох асуудлын талаар мэдээлэл өгье гэж бодлоо. Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ тарах асуудлаар үг хэлж, түүнийг манай зөвлөх зарим хэвлэлүүдэд тараасан юм байна. Орой нь гэртээ орох үеэр хоёр талаас нь хүн дайрч, тархи толгойд нь хүнд гэмтэл учруулсан байна. Бид уулзаж, зөвлөж байгаад Ц.Нямдорж сайдтай ярьснаар хуулийн дагуу гомдол гаргахаар болсон. Манай зөвлөх албан ёсоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж, үзлэгт орсон. Удахгүй хариу нь гарах байх. Би энэ үйлдлийг улс төрийн нөлөөтэй гэж хардаж байна. Сүүлийн үед би УИХ, Засгийн газрын асуудлаар сөрөг байр суурь илэрхийлсэн. Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн. Энэ бүхний хариу ирж байна гэж хардаж байна" гэж тодотгов.
Мөн тэрээр "Би өөрийн албан баланк дээр УИХ-ыг тараах асуудлаар тогтоолын төсөл бичиж, өөрөө гарын үсэг зураад байна. Миний хөндсөн энэ асуудлыг хэд хэдэн гишүүн дэмжихээ илэрхийлсэн. УИХ-ын гишүүдийн 2/3 нь дэмжсэн тохиолдолд УИХ тардаг. Энэ нь Ерөнхийлөгчийн явуулсан бичгээс өөр хуулийн заалтаар зохицуулагдах юм.
УИХ-ын олон гишүүн ЖДҮХС-тай нэр холбогдсоноос үүдэж, нэр хүнд нь ихээр уналаа. Томилдог газрууд нь хариуцлага тооцож чадахгүй байна. Ийм чадамжгүй УИХ байсны хэрэггүй. УИХ тар гэж байгаа юм. Энэ бүхнийг хөндөж ярьж байгаа учраас намайг зориудаар гүтгэж бичиж байна. Надтай холбогдсон концессийн гэрээг цуцлах албан бичгийг би нэлээн дээр явуулсан байдаг.
Намайг өндөр үнэтэй байр авсан ч гэж үзсэн. Би бүх зүйлээ хуулийн дагуу явуулдаг. Миний ХОМ дээр дэлгэрэнгүй байгаа. Би хавар тоглолт зохион байгуулж, 140 сая төгрөг олсон. Бүгдийг нь оюутны төлбөрт хандивласан" гэсэн мэдээлэл өглөө.
Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Нэг намын дотоод үл ойлголцлоос үүдэж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ? Та бүхэн дотооддоо учраа олж болохгүй байгаа юм уу?
-Манай намын дотоод асуудал улс төрийн хүрээнд тодорхойгүй гацаа үүсгэж байгаа нь үнэн. Үүнээс бид гарах ёстой. Үймээн гаргах гэсэн, нийгмийн албан хатгасан үйлдлүүд хийхгүй байх аа гэдэг би итгэж байгаа. Албан тушаалыг авч болдог, өгч болдог. Энэ бүхний тэргүүн эгнээнд хүний амь, нийгмийн амгалан тайван байдал явах ёстой гэж би бодож байгаа. Намын удирдлагууд энэ бүх асуудлыг анхаарч байгаа гэдэгт итгэж байна.
-Танд одоогоор УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурахаа илэрхийлээд байгаа гишүүдийн нэрийг хэлэх боломжтой юу?
-УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 5-6 гишүүн гарын үсгээ зурна гэдгээ надад илэрхийлсэн.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ