Ж.Мөнхбатын туслахыг согтуу байхад үеэл нь зодож гэмтээсэн нь тогтоогджээ

 УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын өгсөн энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл байснаас гадна түүний хэлсэн шиг улс төрийн заналхийлэл огт байгаагүй гэдэг нь батлагдлаа.

Болсон явдлыг энд дурдвал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслахаар ажилладаг Т.Зөнбилэг гэгч нь Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд оршин суудаг бөгөөд тэрбээр арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан байна.

Тэрбээр өргөдөлдөө “2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 02.30 цагийн үед өөрийн гэр болох Баянгол дүүргийн хоёрдугаар хороо 40 дүгээр байрны шатаар өгсөж байхад үл таних хоёр хүн араас нь боож нүүрэн тус газар нь хатуу зүйлээр цохиж, өшиглөн гэмтэл учруулан зугтаасан” гэжээ.

Т.Зөнбилэгийн гаргасан дээрх өргөдлийн мөрөөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад өргөдөл гаргагч Т.Зөнбилэг нь болсон үйл явдлыг гуйвуулан бичсэн нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Т.Зөнбилэгийг хэн нэгэн хүн санаатайгаар, улс төрийн шалтгаантайгаар зодоогүй бөгөөд тэрбээр өөрийн үеэлтэйгээ хамт архидан согтуурч улмаар маргалдсаны улмаас гэмтсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар илэрчээ.

Тэрбээр, хэрэг гардаг шөнө /2018.11.17/ Сүхбаатар дүүрэгт байрлах “Грандхаан айриш” пабын вип өрөөнд өөрийн үеэл дүү болох  С.Мөнгөнсүх болон түүний найзуудын хамт архи хуваан ууж, улмаар маргалдсаны эцэст Т.Зөнбилэг лаазтай ундаа авч шидсэн нь үеэл дүүгийнхээ цээжинд оносон байна. Харин үеэл дүү нь эргүүлэн лаазтай ундаа авч шидсэн нь Т.Зөнбилэгийн толгойн тус газарт онож гэмтэл учруулсан байдаг.

Улмаар С.Мөнгөнсүхийг сэжигтнээр тооцон баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгөөд байна. Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Ийнхүү архидан согтуурсан хэсэг этгээдийн маргааныг худал ташаа мэдээлж, улс төрийн явуулга хэмээн хийрхсэн эрхэм гишүүний мэдэгдэл ор үндэсгүй байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин