М.Энхболдыг УИХ-ын даргаас огцортол 40 гишүүн хуралдаа суухгүй гэв


    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  2019 улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр байлаа. Гэвч УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа Засгийн газрын гишүүд ч чуулганы хуралдаандаа оролцсонгүй.


Хэлэлцэх асуудлыг танилцуулах ЕТГ-ын дарга З.Энхболд ч чуулганы хуралдаанд бас л орж ирсэнгүй. Гэвч дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар  мэдээлэл хийснээр Ерөнхийлөгч, Засгийн газрын хамтарсан бойкот гэдэг нь тодорхой боллоо. Өөрөөр хэлвэл М.Энхболдыг УИХ-ын даргаас огцортол 40 гишүүн хуралдаа суухгүй гэж мэдэгдсэн байна. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан : "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг гардуулахад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурж, өөрөө гардаж авсан.Энэ нь хууль зөрчсөн хэрэг.

Бид ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байна. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна" хэмээв. УИХ-ын нэр бүхий 40 гишүүн хуралдаа суухгүй бололтой.

Т.Аюурсайхан гишүүн "Улс төрийн хүрээнд гацаад байгаа зарим асуудлыг хэрхэн даван туулах, шийдэх арга зам гаргах талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр бид санал нэгдээд байна. Чуулганы хуралдааны өнөөдрийн ирц бүрдэхгүй цаг гаруй хугацаа өнгөрлөө. Засгийн газрыг огцруулах асуудлаар 27 гишүүн гарын үсэг зурж, өргөн мэдүүлээд байгаа. Өмнө нь гишүүд нийтийн сонсгол хийх асуудлаар удаа дараа хандаж байсан ч чуулган хуралдаагүй. Гэтэл Засгийн газрыг огцруулах бичигт М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан мөртлөө тэр бичгээ гардан авч, хэлэлцэх гэж байгаа нь буруу. Хариуцлагын асуудал ярихаар зугтдаг, улстөржих болохоороо чуулганаа хуралдуулдаг байдлыг  бид эсэргүүцэж байна. Тиймээс УИХ-ын 40 гаруй гишүүд гарын үсэг зурж, М.Энхболдыг огцрох хүртэл чуулганаа суухгүй байхаар санал нэгдсэн" гэж тодотгосон юм.


Мөн энэ үеэр Ж.Батзандан гишүүн "УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. 60 тэрбумтай холбоотой асуудлыг гацаасаар байгаа мөртлөө Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь буруу. М.Энхболдыг УИХ-ын даргаасаа огцортол чуулганд суухгүй гэсэн байр суурин дээр гишүүд нэгдээд байна" гэв.


Харин Л.Болд гишүүн "УИХ-ын дарга парламентыг хэвийн ажиллуулах үүрэгтэй. Гэтэл өөртөө ашигтай байдлаар чуулганы нэгдсэн хуралдааныг хөтлөн явуулж байна. Ийм байдлаар цаашаа явах юм бол парламентын тогтолцоо алдагдахад хүрнэ. Үүнийг нам гэхээсээ улстөрийн акци гэж хүлээн авахыг хүсч байна.  Гэхдээ бид улс орныхоо ирээдүйн бодож, парламентын засаглалыг хэвийн үргэлжлүүлэх том зорилгоор энэ бойкотод  нэгдсэн. УИХ-ын гишүүд бол ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн хүмүүс. Тиймээс том эрх ашгаа бодно" гэв.


Мөн энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн  "Монголын төрийг хэдхэн том компаниуд удирдаж байна. Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболдод үйлчилж байна. Энэ хүнээс болж парламент тарах, Засаг огцрох хэмжээнд хүрлээ. Ямар том эрх мэдэл вэ. Ийм их мэдлийн эсрэг ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн гишүүд арга буюу бойкот зарлаж байна. Бид ингэж бойкот хийж байж, тар засгаа аврахаар байгаа юм" гэв.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин