У.Хүрэлсүх: Цэрэг, цагдаагийн хүмүүс надтай уулзаад тэмцье гэсэн нь үнэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.11.23/ цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Би Ерөнхий сайдад томилогдохдоо индэр дээрээс хэлсэн үгээ биелүүлэхээр ажиллаж байгаа. Гадуур нийгэм бухимдалтай байна. Би иргэдийнхээ ахуй амьдралтай нь танилцлаа. Ард түмэн надаас хоёр зүйлийг хүсч байна. Төрийн албанд дэг журам тогтоож, цалин мөнгө эдийн засгийн уналтыг зогсоож өгөх хоёр хүсэлтийг тавьж байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад ард түмэн шударга ёс сахилга хариуцлагыг хүсч байна. Надад хоёр зам байна. Шударга ёс бэхжүүлэхийн төлөө амь насаа хайрлахгүйгээр тэмцэх эсвэл сандал суудлаа хамгаалах гэсэн. Би бол нэг дэх замыг сонгож байна. МАНАН бүлэглэлийг зайлуулах цаг болсныг би өөрийн яс биеэр мэдэрлээ. Ийм бүлэглэл байдаг юм байна. Үүнтэй Ерөнхий сайд нь тэмцэж байна. Би М.Энхболдыг үүрэгт ажлаа өг, огцор гэсэн. Тэр "60 тэрбум"-ын бичлэг үнэн, М.Энхболд ярьсан нь үнэн. Тэр бичлэг бол эвлүүлэг биш. Монголын төрийг хууль бусаар зарж мөнгөжих гэсэн нь үнэн. М.Энхболдыг газрын наймаачин гэдэг, газрын наймаа хийсэн нь үнэн. Д.Хаянхярваа, Су.Батболдыг би ажлаа өг гэдэг шаардлага тавьсан. Үүний төлөө Засгийн газрыг огцруулах үндэслэл гаргаж тавьсан. М.Энхболд бид хоёр хар багаасаа найзалсан. Гэхдээ өнөөдөр би улсаа бодоод М.Энхболдыг огцруулах үндэслэл тавьсан. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Цаашид би намаа цэвэрлэх ёстой. Надад хүч тэнхээ эрх зүйн орчин дутагдаж байгаа ч олон түмэнтэйгээ хийж чадна гэж итгэж байгаа. Засгийн газрыг огцруулахаар зогсож байгаа 27 хүнийг сайн хараарай. Нөгөө яриад байдаг 30 гэр бүл чинь тэнд байгаа. Төрийн мөнгөөр баяжсан, газрын доорх баялгаар баяжсан хүмүүс амь тэмцэн зүтгэж байна. Тиймээс миний тэмцэл улам хатуурах болно.
Улс орны эдийн засгийн нөхцөл сайжирсан. Миний хийх ёстой хоёр ажлын нэг нь гайгүй явж байгаа гэж би бодож байна. Гадаад дотоодоор олон удаа явлаа. Монгол Улсын нэр хүнд гайгүй болсон байна. Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах ажил шийдэгдсэн. Тавантолгой улстөрийн гацаанаас гарсан. Автозамаа барьж байна, удахгүй сайхан замууд баригдана. Ирэх жил усан цахилгаан станцууд баригдана.
Би шударга ёс бий болгохоор тэмцэнэ. Дэвшилтэд үзэлтэй хүн бүр нэгдээсэй гэж хүсч байна. Би гудамж талбайд үймээн самуун, долоодугаар сарын 1 шиг үйл явдал болоосой гэж огт хүсэхгүй байна. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон байна. ЖДҮХС-гаас авсан зээлийн мөнгө төлөгдөөд дуусч байгаа. Засгийн газрын сангуудад шалгалт оруулаад эхэлсэн. Сангуудад ужгирсан, түгжирсэн зүйлүүд олон байна. Би намын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй ч хатуу тэмцэнэ. Намуудад ард түмнээ гэсэн сэтгэлтэй олон мянган хүн байгаа бол шударга бус зүйлийн тэмцэлд нэгдээсэй. Шударга бусын хонгил гэж яриад байдаг нь үнэн юм байна. Тиймээс энэ хонгилыг эвдэх хэрэгтэй. Ард түмэн бухимдалтай байгаа. Гудамжинд гарч тэмцэхээс ч буцахгүй байгаа. Гэхдээ би битгий тэгээсэй гэж хүсч байна. УИХ-ын даргыг өөрчлөх ёстой. Ингэж байж цааш ажил явна. Би өнөөдөр ийм зүйл яриад сууж байх биш, аж ахуйгаа хийгээд явж байх ёстой. Гэтэл надад улстөр ярихаас өөр арга алга. Засгийн газрын зорилтод тусгасан бүтээн байгуулалтууд хийгдээд явж байна. Нэг жилийн дотор тодорхой ажил хийсэн. Энэ их ажлын хажуугаар сахилга бат, шударга ёсыг бий болгох хэрэгтэй юм байна” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг албан тушаалаас нь огцруулснаар Монголд шударга ёс тогтох уу?
-УИХ-ын дарга гэдэг бол том эрх мэдэлтэй албан тушаал. Чуулганаар ямар асуудал оруулах, оруулахгүйгээ хүртэл мэддэг. УИХ-ын гишүүдийг үг хэлүүлэх эсэхээ ч өөрөө мэддэг. Албан тушаалыг дагаж эрх мэдэл явдаг. М.Энхболд гэдэг хүнийг огцруулснаар бид эрх мэдлээс нь чөлөөлөх гээд байгаа юм. Энэ хүний эрх мэдлийг авч, өөр эрүүл саруул хүнд өгч байж, парламентад шударга ёс тогтоно. Ингэж байж зөв ажиллана. Үүнийг УИХ-ын гишүүд ойлгож ухаарсны үндсэн дээр чуулганы хуралдааны орохгүй байх бойкот хийж байна гэж харсан. М.Энхболд УИХ-ыг тэргүүлж байгуу учраас хууль хяналтынхан шударгаар ажиллаж чадахгүй байна. Тиймээс ч маш түргэн огцруулах хэрэгтэй.
-Таныг намын байран дээрээ цэрэг хүчнийхнийг цуглуулж, үймээн самуун үүсгэхийг завдсан гэж намынхан тань шүүмжилсэн. Энэ яг ямар учиртай юм бэ?
-Бүтэн сайны орой 17:00 цагийн үед над руу хэсэг хүмүүс утасдаж, уулзах хүсэлтээ илэрхийлсэн. Бид гудманд гарахад бэлэн байна. Ард түмнээ сонсооч гэж ярьсан. Би намын байран дээр ирсэн, нийтдээ 500 орчим хүн цугласан байсан. Дотор нь цэргийн хүмүүс байсан нь үнэн. Зарим нь миний таньдаг хүмүүс байсан. Тэр хүмүүс өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлж, тэмцэнэ гэдгээ хэлсэн юм. Би хүлээцтэй хандахыг уриалж, гудманд талбайд гарахгүй байхыг хүссэн. Тайван амгалан байх хэрэгтэй байна гэж гуйсан юм. М.Энхболдыгогцруулахын төлөө явна, бүлэгтэйгээ ажиллана гэж хэлсэн. Ингэснээр хүмүүс тайвишрч тарсан юм. Түүнээс биш би хувьсгалт тэмцэл хийх гэж зорихгүй байгаа. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан маш хариуцлагагүй юм ярьсан. Би ард түмнийхээ өмнөөс буу зэвсэг барьж зогсохгүй. Ард түмэн тайван амгалан байх ёстой.
-Та Засгийн газрын эрх мэдлийг гартаа авахын тулд ЖДҮХС-гаас гишүүдийг 950 сая төгрөгийн зээл авахыг зөвшөөрсөн юм биш үү?
-Хүмүүс тэгж асуугаад байгаа юм. Надад огтхон ч тийм зүйл байхгүй. Энэ асуудлын хүрээнд би холбогдох сайдыг нь огцруулсан. Зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг хууль, хяналтын байгууллагууд нэг бүрчлэн шалгаж байна.
-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүнийг та МАН-аас хөөнө гэж сүрдүүлсэн юм уу?
-Тэдгээр гишүүдийг намаас хөөнө гэсэн асуудлыг огт сөхөж яриагүй. Болж бүтэхгүй байгаа хүмүүстээ хариуцлага тооцно.
-Та Ерөнхий сайд, намын даргын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан Я.Содбаатар, Н.Цэрэнбат, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарыг албан тушаалаас нь чөлөөлчихөж болохгүй байгаа юм уу?
-МАН-ын Бага хурал удахгүй хуралдана. Бага хурлаар хариуцлагын асуудлыг сөхөж ярина. Я.Содбаатар сайд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Я.Содбаатарын буруутай тогтоогдвол сайдаас нь чөлөөлнө. Энэ тухайгаа өөрт нь ч хэлсэн.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ