С.Бямбацогт:ЖДҮ-гээс зээл авсан гишүүд МАН-ын УЗ-ийн хуралд оролцох, санал өгөх эрхгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан. Үүнтэй холбоотой тус намын Удирдах зөвлөл хуралдаж байгаа юм. Нэр бүхий 10 гишүүн МАН-ын Удирдах зөвлөлдөө шаардлага хүргүүлж байгаа аж.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарыг мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.
-Та нар Удирдах зөвлөлийнхөө хуралд суугаад асуудлаа ярьж болдоггүй юм уу?
-С.Бямбацогт: Бид аль болох зөвшилцөж асуудлыг шийдэх ёстой. Харамсалтай нь үл ойлголцол үүсчихсэн, үйл ойлголцол нь үзэн ядалт болчихоод явж байна. Сүүлийн үед хуралдаануудын ирц хүрдэггүй байдалтай байна. Ийм байдлаар үр дүн гарахгүй. УИХ-ын гишүүд улс орны эрх ашгийг өмнөө тавьж байж үр дүн гарна. Удирдах зөвлөлөөс УИХ дахь бүлэгт үүрэг өгдөг. Гэхдээ сүүлийн жишээ авахад Ж.Эрдэнэбатын Засгийн газартай холбоотой шийдвэр нь зөрчигдөж байсан. Тийм болохоор бид Удирдах зөвлөлийн шийдвэрийг цаашдаа хэрхэх асуудлаа ярилцах ёстой.
-Л.Энх-Амгалан гишүүний хамаарал бүхий “Эм Си Эс”, С.Бямбацогт гишүүний хамаарал бүхий “Нью прогресс” компаниуд хөгжлийн банкнаас зээл авч байсан. Та бүхэн зээлээ төлсөн үү?
-С.Бямбацогт: Энэ бол өмнөх Засгийн газрын үед гарч байсан асуудал. Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг тодорхой гэрээний үндсэн дээр хийж, хийсэн ажлынхаа санхүүжилтыг авсан. Бусаар нэг ч төгрөгийн зээл аваагүй. Энэ бол зориуд хийсэн улс төр.
-Л.Энх-Амгалан: “Эм Си Эс” миний хамаарал бүхий компани биш. Яагаад гэвэл би маш жижиг хувьцаа эзэмшигч. Ер нь энэ компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Энэ бол нэр төрд халдаж байгаа бүдүүлэг үйлдэл.
-Мөн концессийн асуудал яригддаг?
-С.Бямбацогт: 2013 онд Н.Алтанхуягийн засгийн газар 247 төсөл арга хэмжээг концессоор хийхээр баталсан. Концесс бол өөрийнхөө хөрөнгөөр бүтээн байгуулалт хийгээд дараа нь улсаас мөнгөө авдаг. Энэ ажлуудаас Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахын тулд хууль бус концессийн гэрээг хийсэн гэдэг асуудлыг гаргаж тавьсан. С.Бямбацогттой холбоотой асуудал бол Хятад, Польш, Монголын компаниуд өрсөлдөөд Ч.Сайханбилэгийн Засгийн үед гэрээ нь хийгдсэн байдаг. Үүнийгээ би шалгуулсан.
-ЗХЖШ-аас таныг ОХУ-аас танк, зэвсэг нийлүүлсэн гэж худал хэлсэн гэсэн. Та худлаа хэлсэн юм уу?
-Л.Энх-Амгалан: Би худлаа хэлээгүй. ОХУ-аас 20 танк бэлэглэсэн юм билээ. ЗХЖШ-аас танк биш, та залруулга хийгээрэй гэсэн. Би залруулга хийнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ