Засгийн газраа заамдаж аваад хавсарч байна

Ардын намын ардын засаг адаг сүүлдээ ЖДҮ-гийн Засгийн газар болтлоо жижигрэв. Хүн амины хэрэг, ЖДҮ-гийн хулгай зэрэг хүчин зүйлсээс гадна, өмнөх Ж.Эрдэнэбатын засгийн газрын нөхдийн өс хонзонгийн сэдэл, энэ засгийн газарт Засаглах цаг ч өгөхгүй юм байна, алдаагаа засах цаг ч олгохгүй нь бололтой.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар хэлэлцэж, 62,5 хувиар дэмжлээ. Хуралдаанд 19 гишүүний 16 нь оролцсон бөгөөд 10 гишүүн нь Ерөнхий сайдыг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулахыг дэмжлээ. Өөрөөр хэлвэл засгаа заамдаж аваад байсан МАН-ын нөхдүүд, одоо бол аль хэдийнэ барьцгүй бус, харин ч барьцтай хавсарч байна гэсэн үг. Сөрөг хүчин болох АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд ч Засгийн газрыг огцруулахад оролцож байгаа болохоор хавсарч гэж хэлэхээс өөр юу гэхэв. Засгаа алдаж эхэлсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын нөхөд өчигдөр орой ТББХ-ны хурлаас буцах замдаа хотыг дайлаар мордож, хотын даргаар огцрох өргөдлийг нь бичүүлж аваад харьсан байх юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын нөхөд өнгөрсөн хугацаанд бас ч гэж чамгүй дүвчигнээд авлаа. Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ-ын чуулганаар уначихвал тэр цаашдаа тэднээс ч илүү уурсан хилэгнэх нь мэдээж.
Өчигдөрхөн ТББХ-ны хурал дээр л гэхэд Засгийн газрын тэргүүн:
-М.Энхболд, Д.Хаянхярваа гэж хөдөө, уучлаарай Дархан-Уул аймгаас ирсэн аймгийн дарга байсан нөхөр, С.Батболдыг огцруулъя гэж санал гаргаад өнөөдөр Засгийн газрыг огцруулах дээрээ тулчихлаа. Чи хов зөөдөг, ажлаа хийдэггүй, нас намбандаа байдаг хүн биш. Та нараас би айхгүй шүү, энд хулгайч, наймаачид сууж байгаа шүү. ЖДҮ сайн юм боллоо. Шалгалт оруулаад хоёр сар болж байна, цаашдаа ч олон юм илрэх байх. Өнөөдөр та нар сайхан харагдахгүй, шударга үнэний туйл болсон гэж бодож байна уу, би та нарыг мэднэ шүү дээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг мэднэ. Намаа цэвэрлэх цаг болсон юм байна гэдгийг би бүр сайн ойлголоо. Энд байгаа зарим нөхөд МАН-ын нэрээс дэвших боломжгүй шүү гэдгийг би дахиад хэлчихье. Надад намын ард түмэн байна, ард түмэн байна хэмээн хэлсэн юм. Ямар ч атугай УИХ тун удахгүй Ардын засгийн хувь заяаг шийднэ. Богинохон ч гэлээ энэ хугацаанд У.Хүрэлсүх зүгээр суухгүй нь лав.
Д.Галт
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ