М.Энхболд, У.Хүрэлсүх нар эвлэрч эхлэв үү?

М.Энхболдын гол имиж нь эв нэгдлийг эрхэмлэгч. Магадгүй тэр МАН-ын олон нохдыг эвтэй байлгах гэж газрын наймаачин, хотын МаФ-ын толгойлогч болтлоо явсан байж ч болох.
Харин 60 тэрбумыг эв нэгдлийн сүлжээ гэдэг талаас нь яаж ч бодоод ойлгож чадахгүйнээ. Гаднаа хатуу хувьсгалч мэт имижтэй У.Хүрэлсүх шиг ийм хүнд улс төрийн нам нь бол бараг л аав ээжээс нь үнэтэй зүйл. Гэхдээ хэт сүржин ийм хүн, цаанаа зөөлөн байх нь олон.
У.Хүрэлсүх бол өргөдөг төмөр шигээ хатуу, зарчимч хүн гэж харагддаггүй. Улс төрийн жижиг намуудын төлөөллүүдийг хүлээж авч уулзаж байгаа байдлаас нь харвал дэндүү гэнэн, бас нөгөө л айх айхгүйн тухай л асуудал мэт анзаарагдаж байна. Түүнийг бас ойлгож болох ч ЖДҮ-ийн зээл, иргэдийн боломжийг хулгайлсан сайд нарыг нь харин уучилж, ойлгож чадахгүйнээ.
Ер нь бол М.Энхболдын зүгээс эвлэрэх талаар удаа дараа боломж олгосон боловч У.Хүрэлсүх зөрүүдлэсээр байсан тухай саарал ордноос сонсогдож л байсан. Харин энэ хоёрын хагарал эцэс сүүлдээ МАН-ын хагарал, төрийн өвчин, түмний зовлон болчихоод байгаа энэ хуваагдал эдгэрч магадгүй, эвлэх боломжтой байгаа тухай мэдээ чих дэлсэж байна. Эвлэлээ гэхэд чухам ямар тохироо хийх бол гэдэг нь анхаарал татах асуудал.
М.Энхболд УИХ-ын даргаараа үлдэхүү, эс бөгөөс огцорч орныхоо хүнийг үлдээхүү, У.Хүрэлсүх ЖДҮ-тэй сайд нараа сольж, М.Энхболдын багийн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын хүмүүсийг Засгийн газартай оруулахуу гээд олон хувилбар гарч ирнэ. Ямар ч атугай эвдрэлцэхдээ бид хуваагдахын хүрд шүү, эвлэхдээ бид үржүүлэхийн хүрд шүү хэмээх Т.Галсан гуайн хэлэх дуртай үг санаанд орчихлоо. Мэдээж л эвлээд ажиллавал сайн хэрэг.
Гэхдээ л асуудлын чинь араас, гэмт үйлдлүүдийн чинь хойноос сөрөг хүчин, ард түмэн хариуцлага нэхэж явсаар байх болно гэдэг нь хэн ч маргашгүй үнэн юм шүү.
Д.Оюу
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ