Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 05-ны Лхагва гарагт УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно.
11.00 цагаас эхлэх Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар "Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсох бол Төрийн байгуулалтын байнгын хороогоор найман асуудал хэлэлцэх аж. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай, “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”, “УИХ,Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх аж.
15.00 цагаас эхлэх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцэх юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ