Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцруулахыг дэмжлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн М.Билэгт “Яагаад шударга ёсны төлөө явсан гишүүнээ огцруулж байгаа юм бэ” гэсэн асуултад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газрыг огцруулах санал дээр гарын үсэг зурж байгаа нь хамтран ажиллах боломжгүй, танхимын зарчимыг баримтлаагүй, Ерөнхий сайдын бодлогыг баримтлаагүй учир огцруулж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Засгийн газрын огцруулж байгаа гэсэн үндэслэлд та юу гэж үзэж байна, Ц.Цогзолмаа сайд аа?
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Шударга ёс, ардчиллын үнэт зарчим гэдэг маань бүх иргэнд жигд үйлчлэхийг хэлнэ. Би ёсзүйн хариуцлагаа хүлээнэ гэж би хэлсэн. Гэтэл нэгийг нь огцруулж, нөгөөг нь чөлөөлж байна. Би өөрийнхөө гаргасан шийдвэрт ёсзүйн хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн учир Засгийн газрын тэргүүний оруулж ирсэн түвшинд шийдэж өгөөсэй. Хүссэн, хүсээгүй ард иргэдийн хүлээж байгаа шийдэл нь үйлдлээр нь харагдаад явна.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг:
-Г.Занданшатар сайд УИХ-ын дэгийн хуулийн дагуу хэлэлцэж байгаа асуултад хариулна гэлээ. Засгийн газрын гишүүд гишүүнийхээ хувьд чуулганы хуралдаанд оролцож болохгүй байж болно гэж Г.Занданшатар сайд тайлбарлалаа. Тэгвэл Ц.Цогзолмаа гишүүн УИХ-ын гишүүнийхээ хувьд Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьсаныг та юу гэж тайлбарлах вэ?
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуулиар асуудлыг тавина. УИХ-ын гишүүний бүрэн эрх Үндсэн хуулийн дагуу давхардуулан хэрэгжүүлж болдог.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууслаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Ц.Цогзолмаа сайдын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Уг Ц.Цогзолмаа сайд ажлаа үр дүнтэй хийж байгаа, харамсалтай байна. УИХ-д ажлаа тайлагнаж байх ёстой Засгийн газар УИХ-ыг бойкотлоод, байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй байх нөхцөлд хүргээд байна, Г.Занданшатар сайд аа. Ерөнхий сайдад “УИХ-ын гишүүдийн ажлаа Засгийн газрын гишүүд хиймээр байна” гэдгийг дамжуулж хэлж өгөөрэй. Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажлаа хий гэдэг даалгаврыг сайд нартаа өгөөч ээ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-Таныг шударга байлаа гэж дүгнэж байгаа боловч салбарын хувьд, Засгийн газрын хувьд хохирол гэж харж байна. Би тантай хамт соёлын салбарын ажлын хэсгийг ахлаад явсан. Таныг би алдаагаа өөрөө засаад яваасай гэж бодож явсан. Засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа явдалд салбарынх нь өмнөөс харамсаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Миний ажлыг бодитоор үнэлж байгаа гишүүддээ баярлалаа. Эхлүүлсэн ажлаа би хөндлөнгөөс оролцон, саналаа хэлээд явах нь үргэлжилнэ. Г.Занданшатар сайд асуудал оруулж ирээд, асуудлаа дуусгахгүй хурлыг орхиод гарч байгаад харамсаж байна. Өнөөдөр Засгийн газрын тэргүүн өмнө нь Шадар сайд байхдаа Засгийн газрынхаа эсрэг огцруулах бичигт гарын үсэг зураад явж байсан. Тийм болохоор шударга ёс гэдэг хувь хүний ёс зүй дээр тулгуурлана байх. Би салбарынхнаасаа уучлал хүсч байна. ЗГХЭГ-ын дарга гэдэг гал тогооны хүн байдаг. УИХ, Засгийн газрыг холбож чадахгүй байгаа нь Г.Занданшатар сайдтай холбоотой гэж харж байна.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах Ерөнхий сайдыг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ