АН-ын бүлэг УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардлаа

УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцорч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шударга ёсыг тогтоох, хариуцлага тооцох ажлаа шуурхай хийхгүй бол УИХ-ыг тараах байр сууриндаа хатуу зогсох болно гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ хуулиар М.Энхболд даргыг огцруулах боломж байхгүй, харин ёс зүйн хувьд сайн дураараа огцрохыг шаардаж байна хэмээгээд "АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан мэдэгдэл хүргүүлж байна. МАН-ын хуваагдал төрийн хуваагдал болж хувирч байна. Үүнтэй холбогдуулан М.Энхболд албан тушаалаа сайн дураараа өгч 60 тэрбумын гэх асуудалдаа шалгуулах ёстой. 2016 онд УИХ-ын дарга болсноосоо хойш төрийн албан тушаалыг тодорхой хэмжээгээр 60 тэрбумын схемээр оруулж зарж байна гэсэн шүүмжлэлийг АН-ын бүлэг хүчтэй тавьж ирсэн.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд стратегийн ордыг авсан, концесс авсан, ЖДҮ-ийн зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг маш шуурхай оруулж ирэх ёстой. Хариуцлагын тогтолцоог бий болгоно гэсэн үгэндээ хүрэхийг шаардаж байна. Энэ шаардлагаа маш хурдан биелүүлэх ажлаа хийхгүй бол парламент гацалтын байдалд орж, төрийн үйл ажиллагаа явагдахгүй хэвээр байх болно. Хэрэв энэ байдал удаан үргэлжлэх юм бол АН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн УИХ-ыг тараах байр сууринд бат суурьтай байх болно гэдгийг мэдэгдье" гэсэн юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “МАН-д үүссэн хагарал тэмцэл зөвхөн нэг нам доторх хүмүүсийн хагарал гэж харагдахаа больсон. Үндсэн хуульд заасан засаглалын гурван толгой харилцахаа байж үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч байгаа нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн засаглалын хямралд орж байна. УИХ-ын дарга М.Энхболд өргөдлөө өгөхөд надад хуулийн үндэслэл байхгүй байна гэдэг жижиг шалтгаанаар байгаад байх юм бол цаашид төрийн ажил жинхэнэ утгаараа хямралд орох нөхцөл байдалд хүрнэ. Тиймээс УИХ-ын дарга хуулийн заалт дагахгүйгээр ёсзүйн хувьд Монгол Улсын төр, ард түмнийг хүндэтгэж парламентын үйл ажиллагааг цааш хэвийн явуулах боломжийг нь олгож сайн дураараа чөлөөлөгдөх эрхээ өгөх нь ёсзүйн хувьд зүйтэй гэж үзэж байна.
Хэрвээ ингэж чадахгүй УИХ өөрөө хариуцлагагүй ажиллах юм бол тарах тухай асуудлаа авч хэлэлц гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч тавьсан. АН-ын хувьд дээрх саналыг дэмжинэ. МАН ийм хэмжээнд хүргэхгүйгээр дотроо асуудлаа шийдэх болов уу гэж найдаж байна. Эрх ашгийн эрэмбэ гэж бий. Мөн аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Төрийн ажил гацаад бүтэн нэг сар болж байна. Энэ хугацаанд маш олон асуудлыг УИХ дээр хэлэлцэх байсан. Нийгэмд тулгамдсан олон асуудал хүлээгдэж байгаа энэ үед сандал, суудлын хэрүүл хийж төрийн ажлыг гацааж болохгүй. Бид хуультай улс. Тийм учраас бидний дараагийн алхам УИХ-ыг тараах тухай асуудлыг дэмжихээс өөр аргагүй байдалд хүрнэ” гэсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ