А.Ундраа:Би өмнө нь өндөр хэмжээний хамгаалалттай хуралдаан үзсэнгүй.Боксын 200 орчим тамирчин авчирсан сураг байна

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал хатуу чанд хамгаалалтын дор хаалтай үргэлжилж байна. Ерөнхий сайд У.Хүрэүлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар Бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулж байгаа тухай хуралд оролцож буй УИХ-ын гишүүн А.Ундраа хэллээ.

А.Ундраа:

-УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудал УИХ-ын эрх мэдэлд байдаг. Бага хурлын гишүүд үүнд оролцох ёсгүй. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Бага хурлын гишүүд дунд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулж байгаа нь хууль зөрчсөн явдал болж байна. Тиймээс би Бага хурлын гишүүний хувьд хууль бус асуудал руу Бага хурлын гишүүдийг турхирч болохгүй гэдэг байр сууриа илэрхийлчихээд гарч ирлээ. 

-УИХ-ын даргыг ямар үндэслэлээр чөлөөлөх хуулийн заалттай вэ?

-Нас барсан, эсвэл эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлнө гээд хуулинд тодорхой заачихсан байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд асуудлыг шийднэ үү гэхээс биш намын Бага хурал хууль зөрчсөн санал хураалт явуулж болохгүй. Бага хурлын гишүүд ийм хууль зөрчсөн үйлдэл хийх вий гэж болгоомжилж байна.

-Заалны уур амьсгал ямар байна? Маш өндөр хамгаалалт гаргасан байна? 

-Би өмнө нь өндөр хэмжээний хамгаалалттай хуралдаан үзсэнгүй. Заалнаас гарч ирэх хоронд хоёр ч хамгаалалтын компанийн хамгаалагчтай таарлаа. Энэ хамгаалалтын компанитай хэн ямар учраас гэрээ хийснийг мэдэхгүй байна. Боксын 200 орчим тамирчин авчирсан сураг байна. Хэнийг нь хэнтэй нь маргалдуулж, тэмцэлдүүлэх гэж ийм бэлтгэл ажил хийгээд байна вэ гэдэг ойлгомжгүй, түгшүүртэй байна.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавигдсан уу?

-Одоогийн байдлаар тийм асуудал тавигдаагүй байна.

-МАН-ын 7 гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан гэдэг үнэнэ үү?

-Намын Хяналтын хороо хуралдаад УИХ-ын долоон гишүүнийг намаас хөөх асуудал яригдсан. Хэсэг хугацааны өмнө. Яг өнөөдрийн байдлаар шийдвэр гарсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин