Шоумен Зеленский улс төрд туршлагагүй хүмүүсээс баг бүрдүүлэх бодолтой байна

Ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой байгаагаа мэдэгдсэн Украины шоумен Владимир Зеленский хэзээ ч улс төрд орж байгаагүй хүмүүсийн баг бүрдүүлэх бодолтой байна.
Тэр шинэ оны өмнө телевизийн “1+1” сувгаар украинчуудад хандаж үг хэлэхдээ, 2019 оны гуравдугаар сард явуулахаар товлосон Украины ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтой байгаагаа мэдэгджээ.
“Улс орныг зөвхөн чамтай хамт л өөрчилж болно гэдэгт би итгэж байна. Хажуунаас харж бүү зогс, миний багтай нийл. Чи ямар хүйсийнх, ямар шашин шүтдэг, ямар боловсролтой, ямар хэлээр ярьдаг нь чухал биш. Чи хэзээ ч улс төрд орж байгаагүй нь чухал, одоогоор энэ бол хамгийн гол зүйл. Би чамайг хүлээж байна. Би гарлаа, надтай хамт явж, үүнийг хамтдаа хийцгээе” гэж мягмар гарагт Facebook-ийн хуудсандаа түүний тавьсан уриалгад өгүүлжээ.
Төрийн тэргүүний кампанит ажил шинэ оны өмнө арванхоёрдугаар сарын 31-нд Украинд албан ёсоор эхэлсэн юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигсэд нэрээ дэвшүүлж, бүртгүүлэхээр сонгуулийн төв комисст баримт бичгээ өгөх ажил мөн энэ өдөр эхлэжээ. Уг ажил хоёрдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Нийгмийн санал асуулгын дүнгээс үзвэл, сонгуулийн өмнөх сунгаанд оролцох бодолтой байгаагаа нэгэнт мэдэгдсэн “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко ерөнхийлөгч болох магадлалтай хүзмүүсийн жагсаалтыг сүүлийн саруудын турш тэргүүлж байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Петр Порошенко хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэх эсэхээ хараахан албан ёсоор зарлаагүй байна. Гэвч Порошенкод улам бүр дургүйцэж байгаа нь түүнийг санал хураалтын хоёр дахь шатанд орно гэдэгт ч эргэлзээ төрүүлж байгаа ажээ.
С.Инда
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ