М.Энхболдыг огцруулах ерөнхийлөгчийн хуулийг МАН дэмжиж, АН эсэргүүцэхүү?

УИХ-ын даргын суудал хуулиар хуяглагдсан, авч болдоггүй, өгч болдоггүй сэнтий юмсанж. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас хойш, нар үзэхээ больсон М.Энхболд хэмээх эрхэмийг огцруулах хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч хүртэл санаачлан өөрийнх нь гарт нь өргөн барьлаа. МАН-аас түүний өөдөөс салаавч гаргах уралдаан зарлаж, Монгол түмнээрээ Сүхийнхээ талбайд цуглаад ч барсангүй. МАН-ын бага хурлаас М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэх болсон шийдвэрийн ач буянаар төрийн дээр нам гардаггүй болохыг ч ойлгож авлаа. Үндсэн хуулинд зааснаар УИХ-ын даргыг огцруулах хууль зүйн боломжгүй байгаа тул ийнхүү нам гацаж, сэм хуйвалдсаар өдийг хүрлээ.
Тиймээс ч УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх хуулийн гарц болгож, Ерөнхийлөгч холбогдох хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д хүргүүлсэн нь эрхэм спикерийн хувьд эрхбиш болгоомжлох зүйл. УИХ-ын дарга М.Энхболд ч “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн” гэж мэдэгдсэн. Харин өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлгээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэхээр болов. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дархлаа суларчих вий гэсэн болгоомжлол байна” гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн“Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд хуралдаа сууна гэж байгаа. Даваа гарагт МАН-ын бүлэг хуралдаж, нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай байна” гэсэн юм. Ийнхүү намууд нэгдсэн байдлаар биш ч гэлээ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр албан ба албан бусаар дээр дооргүй ярилцаж амжсан бололтой. Эрхэм спикерийг илгээж болох хуулийн заалтыг нэгээр нэмж оруулах байдлаар, төрийг гацаанаас гаргаж, М.Энхболдыг огцруулах зорилготой Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг МАН-ын бүлэг олонхиороо дэмжиж, АН-ын бүлэг харин эсрэг байр суурь үзүүлж магадгүй хандлагууд ажиглагдаж байна. Албан бус мэдээгээр АН-ынхан амралтын өдрөөр энэ тухай хэсэг хэсгээрээ зөвлөлдөхөд иймэрхүү хандлага давамгайлж байсан төдийгүй, бүлгийн дарга Д.Эрдэнэбатын УИХ-ын дархлаа суларчихвий дээ гэх болгоомжлол төрж байна гэсэн хариулт ч ийм хардлагыг төрүүлэхээр байгаа юм. Харин УИХ-ыг гацаасаар ирсэн У.Хүрэлсүхийн улаан цэргүүд ура хашгиран хуралдаа суух нь маш тодорхой байна.
Д.Оюу
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ