Агаарын бохирдлын асуудлаар энэ сарын 30-нд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Ерөнхийлөгч уг албан бичигтээ, эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулахыг дэмжиж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны арванхоёрдугаар сарын 19-ний хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсгол хийх тов тогтоох болон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Гэвч түүнээс хойш Байнгын хорооны ирц бүрдэж хуралдахгүй өнөөдрийг хүрсэн. Улмаар тус Байнгын хороо өнөөдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцлээ.
Нийтийн сонсголын тухай хуулийн наймдугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулахаар заасан байдаг. Үүний дагуу энэ сарын 30-нд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар боллоо. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос сонсгол зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийг таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж Байнгын хорооны дарга ахалж ажиллахаар болов. Энэ удаагийн Ерөнхий хяналтын сонсгол нь 2015 онд батлагдсан Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу зохион байгуулах анхны Ерөнхий хяналтын сонсгол болох юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ