М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН 
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санааар санал хураалт явуулж,  гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: 19 гишүүн Засгийн газрыг огцруулах эрхтэй бөгөөд тодорхой хуулийн заалт, хууль зөрчсөн эсэхийг тодорхой бичиж, гарын үсгээ зурж, бичиг хүргүүлдэг. Тэгэхээр УИХ-ын даргыг огцруулахад ямар нэг тайлбар бичих юм бэ. Уг нь бол онолд суурилж хууль батлагдах ёстой. Түүнээс санагдах байдлаар хууль батлаад байвал богино хугацааны үйлдэл. Чөлөөлөх, огцруулах нь хоёр өөр ойлголт.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Би хувь хүнийхээ хувьд энэ асуудалд зөрчилтэй байгаа. Онол, ном ярих юм бол хэцүү л дээ. Огцруулж бол болно, ямар ч хүнийг огцруулна. Харин чөлөөлөх гэдэг дээр асуултын тэмдэгтэй болоод байгаа юм. УИХ-ын даргыг таван үндэслэлээр чөлөөлдөг байсныг зургаан үндэслэлтэй болгож, УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөхөөр оруулж ирсэн. Ер нь цаашид УИХ-ын даргыг аль нэг, бүлэгт үйлчлэхгүй шууд намаасаа татгалздаг, дархлаа сайтай байх чиглэл рүү явах нь зүйтэй юм.  Үндэслэл нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжлэг хүлээхгүй тул чөлөөлөх санал оруулж байна гэж би ойлгож байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:Бид хэд хоногийн өмнө Үндсэн хуулиа сахиж мөрдөж эхэлсний 27 жилийн ойг тэмдэглэсэн. Өнөөдрийн энэ хуулийн төсөл зөвхөн нөхцөл байдал гэдэг нэрийн дор эсвэл улс төрийн нөхцөлд тааруулж хуульд өөрчлөлт оруулж байгаа бол хууль дархлаагүй болох, хуульд захирагдах зарчим алга болж байна уу гэж харж байна. Нэг үйл явдал, нэг хүнд зориулж хууль батална гэдэг нь маш том алдаа болж байна. Монгол төр тогтвортой байх, Үндсэн хуулийн агуул, мөн чанарт нөлөөлөх асуудал хөндөгдөж байгаа.УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Өнөөдөр бид эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн хямрал дээр өөрчлөлт оруулахын тулд бодлогын асуудал ярих цаг болжээ. Монголын нийгэмд болохгүй байгаа завхралыг засахын төлөө, хэт их намчирхдаг, тэмцдэг асуудлыг зогсоохгүй бол цаашид хөгжил яриад нэмэргүй болсон.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: Ер нь намайг гэр бүлийн хүнтэй хамт буудахаар болж байгаа юм байна. Улстөрийн үйл ажиллагаанд маань огт оролцож байгаагүй. Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан. Андуураад байгаа бололтой. Намайг дагаж, хотын захиргаанд  шинэ жилээр л ганц ордог байсан хүн гэв.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 18:00 цагт товлогдсон юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ