Монголоосоо зугатах мөнгөтэй, мөнгөгүй хоёрын зовлон

Улстөрийн ороо бусгаа байдал, нийгмийн ялзрал, ядууралд дургүйцэгсэд Сүхбаатарын талбай дээр дахин жагсч, өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Ямартай ч одоохондоо талбайдаа жагсах хүнтэй байгаа нь энэ. Гэвч удахгүй манай улс хүн амын дүрвэгсэдийн цуваагаар дэлхийд эхний байрт орж, Сүхбаатарын талбайд ч жагсах хүнгүй болж мэдэхээр байна. Саяхан Шведийн Цагаачлалын албанаас гаргасан тоо баримтаар манай улс тус улсад цагаачилсан иргэдийнхээ тоогоор эхний гуравт багтжээ.
Сири улс хэдий дайны байдалтай, улс орон нь сүйрэлд өртсөн байгаа ч дүрвэгсэдийн тоогоор манай улсын ард орж, бид тэднийг бус тэд биднийг өрөвдөлийн харцаар харж байна. Цагаачлалын гол шалтгаан нь улс оронд нийгмийн баялагийн хувиарлалт тэгш бус, ядууралд өртөх магадлал өндөр байгаа нь нөлөөлж байгаа аж.
Өнгөрсөн онд манай улсаас 200 мянга гаруй иргэд гадаадад түр болон бүр амьдрахаар явсан байна. БНСУ, АНУ, Герман, ОХУ, БНЧУ, Япон, Швед зэрэг улсад ихэнх иргэд маань зорчсон байх юм.
Монголоос дүрвэгсэдийг хэт их мөнгөтэй болсон эсвэл мөнгөний эрэлд гарагсад гэж хоёр ангилж үзэхэд болохоор байна. Саяхан ХХАХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай мөнгөтэй цүнхээ үүрээд, УАЗ469 унаад урд хилээр гараад, гадаадыг зорьсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Араас нь хүн амьтан дагаад ах хүү бас амаргүй л яваа байх. Түүнээс гадна Ерөнхий сайд асан С.Баярын охид АНУ-д, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү болон туслахууд гадаадад хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бол дарга, сайд нарын авгай хүүхдүүд өвөл болохоор утаанаас зугатаад явчихдаг нь гэм биш зан болсон гэлтэй. Хууль бусаар олсон байх магдлалтай мөнгө ч хүртэл хөл ургаад, Монголоосоо зугатаад гадаад гараад явчихна. Улстөрчид гадаадын дансанд их хэмжээний мөнгө байршуулах нь хоёр талтай гэгдэх бөгөөд нэгд хууль бусаар олсон мөнгийг ингэж хадгалахаас өөр аргагүй гэх, хоёрт улс оронд нь хэцүү цаг үе ирэхэд эх орноо орхин явах бэлтгэл гэж үздэг.
Манай улсаас 1930-аад оны үед хэлмэгдэл, хэт хувьсгалжилт, хөрөнгө хураалт, нийгмийн гарлаасаа хавчигдагсад дүрвэж байсан түүх бий. Гэвч энэхүү дүрвэлт нь өнөөдрийн дүрвэлтээс тэс өөр дүрвэлт байсан гэдгийг мартаж болохгүй. Монголоос мөнгөтэй хүмүүс нэг дүрвэж байна. Их хэмжээний хөрөнгөнийхөө гарал, үүсэл, олсон арга замаа тайлбарлаж чадахгүй хүмүүст гадаадад дүрвэхээс өөр гарц байхгүй нь үүнд нөлөөлдөг гэж үздэг байна. Харин өрөө дарах, бизнесийн гараа хийх хөрөнгө хуримтлуулах, байр сав, унаа машинтай болохын тулд мөнгөгүй хүмүүс нь цалин сайтай ажилын сургаар гадаадыг зорьдог.
Мөнгөтэй болон мөнгөгүй гэх шалтгаанаар гадаадад дүрвэгсэдийн цуваа энэ хэвээр үргэлжилвэл дараагийн сонгуулиар Монголд зөвхөн Сонгуульд нэр дэвшигчид л үлдэх магадлал их байна. Иргэнгүй төртэй байх уу, төвшин төртэй иргэнтэй улс байх уу гэдэг асуулт маргаашийн сонгуулиас өмнө төрийн хаалгыг түжигнүүлж эхэллээ. Үүнд хариулт өгөх эзэд нь хэн бэ? Ширэн нүүрлэж, шилээ маажих улстөрчидөөс үнэн үг олж сонсоход бас хэцүү л биз дээ.
Д.Очир
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ