Хуулийн байгууллагад итгэдэг хүн байна уу, судалгаа үгүй гэдгийг харуулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тогтоолын төсөл санаачлагч болон УИХ-ын дарга М.Энхболдоос асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж байна.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан:


Ганцхан хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч чадахгүй. Цагаан суваргыг мөн нэг хүн авч чадахгүй. Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг гаргуулсан, Сүхбаатарын талбайн урд хэсгийн зарим газрыг хувийн хэвшилд өгчихсөн. Хөгжлийн банкнаас 1 тэрбум гаруй төгрөгийг хэдхэн компани хувааж авсан. Энэ бүхнийг МАНАН мафи хийсэн. Гэтэл үүнийг улс төрийн нөлөөгүй, шударга үйл явц гэх хүмүүс бий. МАНАН сандарч, М.Энхболд даргыг л унагаах гэж байна гэх мэдээлэл тарааж байна. Талбай дээр 11 хүн өлсгөлөн зарлаж байна. Хуулийн байгууллагад итгэдэг хүн байна уу. Судалгаа үгүй гэдгийг харуулж байна. МАНАН-гийн генералууд биднийг шоронд хорих гэж нойргүй хонож байгааг би мэднэ. Монгол ялна гэдэгт би итгэж байна.  


Я.Санжмятав: Хоёр сар гацсан парламентын гацаа өнөөдөр тайлагдах байх гэж найдаж  байна. Түгжигдсэн энэ цаг хугацаанд би орон нутгаар хоёр ч удаа явж ажиллаа. Ард иргэдийнхээ санал бодлыг ч сонслоо. Зуд турхан гайгүй, өнтэй сайхан өвөлжиж байна. Гагцхүү бидэнд санаа зовж танай төрийн ордонд зуд нүүрлэжээ гэдгийг хэлж байна. М.Энхболд даргыг чөлөөлөхийг би дэмжиж байгаа. М.Энхболд гэдэг хүнд ганцхан хариуцлага тооцох асуудал биш. Бүхэлдээ МАНАН бүлэглэлтэй тэмцэх тэмцлийг эхлүүлэхгүй бол улс орон буруу тийш явах гээд байгаа гэдэгт санаа зовниж огцруулах гарын үсгээ зурсан. Асуудлыг энд хүргэхгүйгээр шийдэх боломж байсан. МАН-ын бүлгийн гишүүдийг хоорондоо учраа ол гэж их хэлж байгаа. Албан тушаалаа буцаалдаж аль нь их идэх үү гэж Монголын ард түмнийг сөхрүүллээ. Монгол төрийн дархлааг бууруулах бүх зүйлийг ханатлаа хийлээ. Энэ хуулийн төсөл парламентын түүхэнд хараар бичигдэх хуулийн төсөл болсон. Дархлаанд маш сөргөөр нөлөөлнө. Цаашид 60 тэрбумын асуудлыг цэгцлэх, ордуудаас хулгай хийсэн нөхдүүдээс буцааж өгөх, концесс нэрээр төсөвт мөнгө суулгаж том томоор нь иддэг хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай.


Тиймээс АН дараагийн удаад У.Хүрэлсүхийг дээрх асуудлуудаа цэгцлэх асуудалд   хариуцлага тооцно. Ганцхан хүн чөлөөлөгдсөнөөр бүх асуудал шийдэгдэхгүй шүү.


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:


Хэрүүл тэмцэл өнөөдөр дуусах болов уу гэж бодож байна. Эрх барьж байгаа улс төрийн нам ард түмнийхээ өмнө амласан амлалтаа яах вэ. Төрийн ажлаа хиймээр байна. 2016 оны сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэх цаг нь ирсэн. Хэл ам, хэрүүл зодооноо одоо зогсооё. 60 тэрбумын асуудлыг ярьж, ярьж М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас нь огцруулж байна л даа. Яг үнэндээ энэ схемийн төлөвлөгөөг ярьсан, танилцсан гэвэл олон хүн байгаа байх. Өнөөдөр эрх барьж буй МАН үнэхээр 60 тэрбумын хэрэг юм бол тэр схемээрээ төр барьж байгаа болж хувирна  шүү. Цаашид 60 тэрбумын гэх яриагаа манай намын гишүүд бодож ярих хэрэгтэй. Хэрэв 60 тэрбум үнэхээр үнэн бол энд сууж байгаа 64 хүн ч мөн төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн 60 тэрбумын хам хэрэгтэн болно. Дараагийн УИХ-ын даргаар МАНАН дотор яваагүй хүнийг сонгох ёстой.


УИХ-ын гишүүн С.Жавхлан:


Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга нь хэн бэ. Нэгээр цадаж, хоёроор бүү хуураарай. Дараагийн хүнд маш их ач холбогдол өгнө. Яасан ч ховхорч болдоггүй суудал бэ. Сандал суудлын төлөө УИХ нь бүтэн гурван сар ийм байдалтай байна. Миний харж байгаагаар, УИХ-ын дарга гэдэг бол нэвтрүүлэгч юм билээ. Хүмүүсийн бэлдэж өгсөн зүйлийг уншдаг л хүн юм билээ ш дээ. Энэ хүн Монголын ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Т.Аюурсайхан та “намайг эрүүгийн хэрэгт гүтгэх байна” хэмээн гүтгэж байсан. Хэн таныг гүтгэсэн байна. М.Энхболд дарга аа, таныг Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гээд бүгдэд хамаатай гэх юм. Таныг яагаад МАНАН бүлгийн төлөөлөгч гээд байгаа юм. Таныг яагаад заавал огцор гээд байгаа юм бэ? 


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Байнгын хороо энэ асуудлыг оруулж ирэх үүрэгтэй. Энэ дагуу оруулж ирж байна. 


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Дан ганц УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал биш. Сүүлийн 20 гаруй жилийг тогтолцоог нураахын тулд зориглон явж байна. Хуулийн байгууллагад үүрэг даалгавар өгөгдсөн байна лээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас эхлээд шалга гэсэн үүрэг өгөгдсөн байна. УИХ-ын гишүүн миний ар гэрт чагнах төхөөрөмж суулгасан асуудал байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараа комисс ажиллуулна. Би хуулийн байгууллага дээр байгаа хууль бус зүйлүүдийг ил болгоно. Бүгд холбогдох тогтоолтой хийгддэг ажил. Хуулийн байгууллагуудын гар хөлүүд холбогдох баримтыг машин машинаар шатаасан явдал байгаа. Улстөрчдийн гар хөлөөс хуулийн байгууллагуудаа ангид болгох ёстой.


УИХ-ын дарга М.Энхболд: Томоохон орд газруудын эзэмшил, ашиглалттай холбоотой асуулт асуулаа. Тавантолгой ашиглах асуудлаар олон хувилбар гаргаж байсан. Жагсаал цуглаан зохион байгуулж байгаа гишүүд Ч.Сайханбилэг ерөнхий сайдын боловсруулж байсан үеийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. Үүнд ч би тухайн үед шүүмжлэлтэй хандаж байсан. Шууд Засгийн газраас бус УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Өнөөдрийн Засгийн газар мөн шинэ санал оруулсан. Ордын нийт хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид худалдаалах саналыг би дэмжсэн, хэрэгжүүлэх нь зөв гэж үздэг. Оюутолгойн хувьд 2007 онд Монголд хамгийн ашигтай гэрээг боловсруулан, УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэлгүй хойшлуулсан. Эрдэнэт үйлдвэртэй  холбоотой намайг гүжирдэж гүтгэж байгаа нь хэрээс хэтэрч байгаа үйлдлийн нэг.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Машин бичиг баримт шатаасан асуудлаа нэр устай нь зарла.


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Энэ асуудлыг УИХ-аас байгуулагдах шалгалтын комиссоор ил болгоно. Өнөөдөр дэлгэхэд цаг үе нь биш. 


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өнөөдрийн 65 гишүүн М.Энхболдын нэр дэвшүүлсэн, “60 тэрбум”-ын асуудалд холбогдсон хүмүүс. 60 тэрбумын асуудлыг та нар ганцхан хүндээ үүрүүлээд өөрсдөө гэмгүй үлдэх гэж байна уу.  Танай намын Засгийн газар “ЖДҮ”-д холбогдоод, өөрсдийгөө хамгаалаад сууж байна. Танай нам хууль бус. Та нар огцрох ёстой. Шударга үнэний туйл Ц.Нямдорж сайд огцрох хэрэгтэй. 

 

УИХ-ын дарга М.Энхболд: 60 тэрбумын хэргийг хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа шалгасан. Одоо ч гэсэн шалгалтын ажил үргэлжилж байгаа. Үнэн мөнийг нь тогтоож  олон нийтэд ил тод мэдээлээсэй гэж хүсч байна.Энэ танхимд сууж байгаа 64 хүн бол миний гарын үсэг зурж, УИХ-д нэр дэвшүүлсэн хүн. Туршлага, дадлагыг нь харж байгаад би эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Ямар нэг хөрөнгө, санхүү харалгүйгээр 76 хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн.


Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин