УИХ-аар шинэ даргын томилгоог хэлэлцэнэ

УИХ-ын шинэ даргын өнөөдөр үүрэгт ажилд нь томилно. Өөрөөр хэлбэл өнөөдөр УИХ-ын даргад нэр дэвшээд буй Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад томилох эсэхийг байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын даргад түүний нэрийг дэвшүүлсэн юм. Ерөнхий сайд түүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд Удирдах зөвлөлийнхөн 100 хувийн саналаар Г.Занданшатарыг дэмжсэн юм.
Тэгвэл үүний дараагаар буюу орой 18 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг уг томилгооны асуудлыг ээлжит бус хурал зарлаж хэлэлцсэн бөгөөд бас л 100 хувийн саналаар түүнийг УИХ-ын даргад "сойхоор" болсон юм.
Тиймээс өнөөдөр эхлээд 09 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын даргын томилгоог хэлэлцэж санал дүгнэлт гаргах бөгөөд уг санал дүгнэлтийг 10 цагаас хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.
Нэр дэвшигчийн хувьд УИХ-д гурван ч удаа сонгогдож, хоёр удаа төрийн сайдын албан тушаалыг хашиж байсан туршлагатай нэгэн юм. Өнгөрсөн 11 сараас эхэлсэн улс төрийн буцалсан "цаг агаар" ийнхүү учир зүйгээ болох бололтой. Ямартаа ч цагаан сарын өмнө УИХ шинэ даргатайгаа "золгох" нь тодорхой боллоо.
Тэгвэл үүний дараагаар гүйцэтгэх засагтай холбоотой бас нэгэн томилгоо нэмэгдэж байгаа нь Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудал хэнд очих вэ гэдэг юм. Одоогийн байдлаар ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг "зүтгүүлэх" байх гэсэн таамгийг зарим хэвлэлүүд болон сошиал сүлжээнийхэн гаргаж байгаа юм. Ер нь ч энэ үнэн ортой шуум байх.
Магадгүй залуу үеэ дэмжих бодлого баримталбал уг суудлыг залуучуудаас сонгон өгч болох л юм. Гэхдээ ЗГХЭГ-ын даргын томилгоог дутуу байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд болон Зам тээврийн хөгжлийн яамны сайдуудтай хамтад нь багцалж оруулж ирэх болов уу гэдэг таамгыг зарим эх сурвалжууд өгч байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ