Танилц: УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэн 95.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын даргаар сонголоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ:
-Энэ их итгэл найдварыг өндөр үүрэг, их хариуцлага гэж хүлээн авч байна. УИХ-ын гишүүд ээ, бидэнд итгэл хүлээлгэж сонгосон сонгогчид оо, төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж эрхээ эдэлнэ гэж Үндсэн хуульд тусгасан.
Та бид Үндсэн хуулийн зарчмыг дагаж мөрдөж, төрийн элч төлөөлөл байх үүргээ биелүүлэх учиртай. Бид ард түмний хүсэмжлэлт, нийгмийн хэрэгцээт шаардлагад үндэслэж, гурван асуудлыг баримтална.Ард түмэн шударга ёсыг хүсч байна. Шударга ёс нийгмийн хэрэгцээ захиалга болж байна. Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёлж, тэр нь шударга хэрэгжиж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ.
УИХ-ын даргын хувьд Шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг манлайлан ажиллана. Бид Монгол Улсын эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямарт дээгүүр тавьж ажиллах ёстой.
Чинээлэг дундаж давхрагыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь Үндсэн хуулийн зорилт мөн.
Ардчилсан Монгол Улсын төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна. Төр түвшин түмэн амгалан байх болтугай хэмээлээ.
Түүнийг УИХ-ын даргаар сонгогдохын өмнө УИХ-ын гишүүд дараах асуултад хариулт авсан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын шинэ дарга парламентын эв нэгдлийг хангах нь чухал болохыг сануулаад, “Эв нэгдлийг хангах чиглэлээр юу хийхээр төлөвлөсөн бэ” хэмээн асуухад
УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Засаглалын бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Төрийн түшээд бид нийгмийн эрэлт хэрэгцээ, ард түмний дуу хоолойг илэрхийлэгч байх ёстой. Тиймээс өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга ёсыг хүсэмжилсэн эрэлхийлэлд тулгуурласан эв нэгдэл парламентад байх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт ард түмний эрх ашгийг тавьж, хоёрдугаарт улс төрийн эрх ашгийг тавьж ажиллана. Энэ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бид нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Тиймээс парламентын хамгийн гол ажил Үндсэн хуулийн өөрчлөлт байх ёстой” гэсэн хариулт өглөө.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын даргын асуудлаас үүдэн чуулган 40 хоног гацсан. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс чуулганы хугацааг сунгах санал гаргасан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?” хэмээн асуухад УИХ-ын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатар “УИХ-ын Тамгын газар, намын бүлгүүдийн саналыг харгалзан чуулганыг 14 хоног сунгах эсвэл ээлжит бус чуулган зарлах учиртай. Ер нь цаг үеийн тулгамдсан олон асуудлыг цэгцлэх учиртай. Тиймээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч болзошгүй гэж үзэж байна” хэмээн хариуллаа.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Г.Занданшатарт нэг сайн чанар бий. 1970-аад онд төрсөн. Шинэ цагийн улстөрч гэдэг утгаар нь би дэмжинэ. Гэхдээ гурван сул тал бий. Уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой дэндүү ойр доо. Сонгогдсоныхоо дараа МАНАН бүлэглэлтэй нийлээд явчихвал Монгол чинь хохирно шүү. Би өөртэй чинь нөхрийн хувьд их ойрхон байдаг хүн. Сая Г.Занданшатар жагсагчдын аюулгүй байдлыг хангахад их тус болсонд талархаж байна. Иргэд олон нийт биднээс эрс өөрчлөлтийг хүсч байгаа. Бүх баялагаа хулгайд алдчихсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайд алдчихсан. Би таныг Монголын түүхэнд сайн УИХ-ын дарга болох байх гэж итгэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Төрийн ордны хажууд байгаа банк ашиглаж байгаа. Өчигдөр би Ерөнхий сайдтай уулзсан. Г.Занданшатарыгаа дэмжээд өгөөрэй гэж гуйж байна билээ. Би таныг зоригтой ажиллахыг шаардана. Томилогдсоныхоо маргааш авлигын хонгил бий болгосон нөхдүүдийг үтэр түргэн солихыг шаардана” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "УИХ-ын дарга Ерөнхийлөгчид дөрлүүлж болохгүй" гэх утгатай зүйл хэллээ. Тэрбээр “Та УИХ-ын дарга болж, Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болно. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч болчимгүй мэдэгдэл хийх боллоо. Цол дагаж бяр гэдэг. Гэтэл Ерөнхийлөгч маань хууль ямар хамаатай юм гэж ярьж байна. Та ийм хүнтэй хамтарч ажиллана. Ерөнхийлөгч бид хоёр нэг тойрогт өрсөлдсөн. Ор үндэслэлгүйгээр хүн гүтгэх юм. Ингэж болчимгүй гүжир гүтгэлэг хийдэг хүнтэй Та ажиллах боллоо. Та хатуу байр суурьтай байхгүй бол дөрлүүлээд явчих вий. Та Ерөнхийлөгчтэй нэг нутгийнх. Хоорондоо хуйвалдаж болохгүй. Баянхонгорчууд төрийн эрх мэдлийг барьж байхад улс орон уруудсан гэдэг үгийг монголчууд сонсохыг хүсэхгүй байгаа. Тэгэхээр ҮАБЗ-ийн гишүүний хувьд эрх мэдлийнхээ эрэмбийг зөв ойлгож, хэн нэгний нөлөөнд автахгүй ажиллах учиртай шүү” гэж захилаа.
УИХ-ын гишүүн М.Билэгт “Манай Баянхонгорынхны хувьд түүхэн мөчлөг тохиож байна. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь Баянхонгорынх болж байна. Г.Занданшатар гишүүнд УИХ-ын даргын албыг хаших туршлага байгаа. Занданшатар гишүүний аав Гомбожав гуай 1950, 1960, 1970-аад онуудад сум нэгдлийн даргаар ажиллаж байсан юм. Гомбожав гуай одоо хүртэл ахмадуудын дунд үлгэр домог шиг дурсагдаж байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүн байв. Тиймээс эх орон ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг тогтоох тангарагтаа үнэнч байж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Жавхлан “УИХ-ын дарга хөтлөгч шиг зоригтой эрэмбэтэй байгаарай гэж хүсч байна. Та Монголын хүн боллоо. Монгол Улсад 650 гаруй багц хууль байна. Цааш нь задарвал хэдэн чингэлэг болно. Энэ хуулиудыг хүмүүсийн амьдралыг хохироодоггүй болгон цэгцэлж ажиллаарай” хэмээн захилаа
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
Монгол Улсын Их Хурлын дарга
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд “ХААН” Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2019 оноос Монгол Улсын Их хурлын дарга
ШАГНАЛ
2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
2009 онд “Алтангадас” одон
2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”
ГАДААД ХЭЛ
Англи, Орос
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ