С.Мөнхчулуун: Би дахин нэр дэвшиж өрсөлдөнө.

МАН-ын Хяналтын хорооноос өнөөдөр мэдээлэл хийж, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, МАН-ын гишүүн С.Мөнхчулуун нарыг намын гишүүнээс хасч байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар МАН-ын гишүүн С.Мөнхчулуунаас тодрууллаа.
-Дөнгөж сая МАН-ын Хяналтын хорооноос таныг намаас чөлөөлөх шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Энэ асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Дөнгөж сая МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдэгдэл хийлээ. МАН-ын дүрмийн 1.1-д МАН тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэсэн нийгмийн ардчилсан үзэл бүхий нам мөн гэж тусгасан байдаг. Тэр ч утгаараа эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх ёстой нам шударга байж чадалгүй, гишүүдээ ялгаварлан үзсэн шийдвэр гаргалаа гэж харж байна. Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр дэвшсэний төлөө намаас хөөж байгаа нь шударга бус байна. Энэ анх удаагийнх анхных биш өмнө нь надтай өрсөлдөж олонхийн санал авч чадаагүй С.Амарсайхан намын бодлого сөрж, заалнаас нэр дэвшээд НИТХ-ын дарга болж байсан. Гэтэл тэр хүнийг яг жилийн дараа намын бодлогоор хотын даргад нэр дэвшүүлж байна. Гэтэл дээрээсээ дэмжлэггүй жирийн гишүүн яг адилхан үйлдэл гаргахаараа намын бодлого сөрсөн гээд намаасаа хөөгдөж байна. Ийм зүйл байж болохгүй. Нийслэлийн намын дарга Д.Сумъяабазар ч гэсэн намын бодлого сөрөөд Нийслэлийн намын дарга болсон. Тиймээс ийм муухай ялгаварлан гадуурхсан үзэл гаргаж болохгүй гэж бодож байна. Би намын удирдах зөвлөлд өргөдөл гаргана.
-Хотын даргын сонгуульд дахиад өрсөлдөх үү?
-Би өмнө нь намын бодлогоор биш өөрөө заалнаас нэр дэвшиж өрсөлдсөн. Энэ удаад ч гэсэн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд дахин нэр дэвшиж өрсөлдөнө.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ