Л.Оюун-Эрдэнэ цэнхэр, ягаан тасалбараар хийсэн өмч хувьчлалын талаар судлах ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар хөрөнгө оруулалтын эрхийн цэнхэр, ягаан тасалбараар хийсэн өмч хувьчлалын талаар судлан, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгууллаа.


Төрийн өмчийн хорооноос 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай бичгийг Засгийн газарт ирүүлсний дагуу энэхүү ажлын хэсгийг байгуулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл технологийн газар, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг хэлэлцүүлэх чиглэл гарсан. Тиймээс өмнөх хувьчлалын үр дүнг нэгтгэсний дараа дээрх асуудлыг авч үзэх нь ёстой гэдгийг тэрбээр хэлсэн юм.


Төрийн өмчөөс хувьчилсан 928 обьектод шалгалт оруулж, дүнг ЗГ, УИХ-д танилцуулах үүрэг өглөө


Ажлын хэсгийн уулзалтын үеэр Л.Оюун-Эрдэнэ “1992 онд нэг хувьчлал хийсэн. Тухайн үед төрийн өмчийн 928 обьектийг хувьчилсан. Менежментийн хувьчлал, цэнхэр, ягаан тасалбараар хувьчилж тухайн газрын ажилтнуудыг хэвээр нь авч хадгалах, үндсэн чиглэлийг өөрчлөхгүй байх гэсэн хоёр агуулгаар хувьчилсан. Иргэдийн дунд энэ хувьчлал шударга бус болсон, эрх мэдэлтэй хэдхэн хүний хамаарал бүхий компаниуд авсан, ногдол ашиг тараах явц санасан түвшинд хүрээгүй гэх шүүмжлэл байдаг. Үүнийг нэгдсэн байдлаар дүгнээгүй өнөөдрийг хүрсэн.


Тиймээс төрийн өмчөөс хувьчилсан 928 обьектод шалгалт оруулж, дүнг ЗГ, УИХ-д танилцуул.


Төрөөс хувьчилсан 928 обьектийг өнөөдөр ямар байдлаар ашиглагдаж байна, үндсэн зорилгоосоо гажсан уу, тэдгээрт ажиллаж байсан ажилтан албан хаагчийн нийгмийн асуудал шийдвэрлэгдэж чадсан эсэх, цэнхэр, ягаан тасалбар, менежментийн хувьчлал шударга биш гэсэн нийгмийн хардалт дагуулж байна, үнэхээр аж ахуйн нэгжүүд ногдол ашиг тарааж чадахааргүй хэмжээний ашиггүй ажиллаж байна уу эсвэл татвар нуун дарагдуулах замаар ашгаа худал мэдүүлэн өнөөдрийг хүртэл явж ирсэн үү гэдэгт хамтдаа дүгнэлт хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл ажлын дэд хэсэг хуралдаж болно.


Үүний дараа 2018-2020 онд хувьчлах тухай үндсэн чиглэлийг ярих нь зүйтэй гэж бодож байна. Төрийн өмчийг хувьчлах нь буруу биш гэхдээ эхний хувьчлалтай холбоотой асуудалд дүгнэлт гаргаж, Засгийн газар, УИХ-д танилцуулсны дараа энэ асуудлыг хөндөх нь зүйтэй гэдэг байдлаар тушаал гаргаж байна” гэлээ.


Шалгалтыг УИХ-ын хаврын чуулганаар танилцуулах үүргийг өгсөн бөгөөд нийт 60 орчим хоногт шалгалт явуулна гэдгийг хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин