Ховд хотын үерийн хамгаалалт ба хиймэл нуур


Өмнөтгөл
Миний бие нь 1977 онд МУИС-ийг дүүргээд төрөлх Ховд аймгийнхаа АДХГЗ-ны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, мөн комиссын орлогч дарга, АДХГЗ-ны нэгдүгээр орлогч бөгөөд Төлөвлөгөөний комиссын дарга, АХГЗ-ны тэргүүн дэд дарга, аймгийн Засаг даргын орлогч  зэрэг ажлыг 40 гаруй жил хийж ирсэн өндөр настан, ахмад ажилтан болохоор аймаг орны  ажилд анхааралтай хандаж, ололтод нь баясаж, дутуу дулимаг зүйлд нь сэтгэл зовниж байдаг билээ. Ажиллаж байсан хугацаандаа  долоон Засаг даргын орлогчоор ажиллаж иржээ. Одоо ч аймгийн удирдлагуудтай уулзаж өөрийн бодлоо хуваалцаж зааж зөвлөх нь бий.  
    Саяхан шинэ Засаг дарга Б.Дүгэржавтай уулзаж санал бодлоо солилцсон. Үг яриаг минь сонссонд талархсан шүү, Харин хэрэгжүүлэх нь эсэх нь өөрийнх нь хэрэг, Хэлэх ярих үе зөндөө тул санаа үл зовно. 
Би Ховд хотоос Булган сум дахь Ярант боомт хүртэл төмрийн хүдэр ачсан хүнд даацын автомашинууд өдөр шөнөгүй цувж авто зам  эвдэрч эхлэж  байгаа талаар бичиж даацыг нь хэмжиж замын хураамж авч байх талаар өөрийн фейсбүүкээр дамжуулан сэтгэгдэл илгээсэнд шуурхай  арга хэмээ авч пүү байршуулж хяналт тавьдаг болсонд талархаж байна.   Ярант боомт руу тавьсан авто зам олон улсын стандартаар хийгдсэн сайн зам тул хайрлаж байх, арчилгаа тордолтыг байнга хийж байх ёстой юм: Олон жил, үе дамжин ашиглагдана даа. 
Ховд хотын үерийн хамгаалалтын талаар
Миний мэдэх Ховд хотод тохиосон анхны үер бол 1969 оны зун болсон үер юм. Тэр зун их борооны улмаас Хатуу хөтөл, Шар сүмийн уулсаас үер бууж, Их, бага Буянт гол нийлэн үерлэсэн тул лагерь \ зуслан \ -т байсан айлууд уулсын энгэр, Баатархайрханы талд  нүүж бууцгаасан юм. Ингэж л талын хашаа хэмээсэн гэр хороолол үүссэн билээ. Айл гэр төвлөрөн буусан тул худалдааны агентууд байршуулж хожим нь Цагаан дэлгүүр нэртэй худалдааны төв, холбооны салбар зэрэг үйлчилгээг ойртуулан байршуулсан юм. Одоо бол Дулааны станц болон хэд хэдэн сургууль, цэцэрлэг ажиллаж хар зам тавигдаж, автобусны үйлчилгээг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д,Загджав бий болгосныг одоо алдагдалтай ч Э.Барамсай эрхэлж байна.  
Талын хашаанд айл өрхийн төвлөрөл бий болсонтой холбогдуулан аймгийн дарга Н.Дамба  бид ярилцан тэр чиглэлд суваг татаж  худгууд байгуулж жилээс жилд нэмэгдүүлсэн нь зүйтэй арга хэмжээ болсон билээ. Л.Галбадрах даргын үед талын хашаа руу шуудуу татуулж айл өрхийг төмс, ногоо, мод тарих бололцоотой болгосон нь  ач холбогдолтой ажил байсан юм. 
Өнгөрсөн зууны сүүлчийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр хэт халалтын улмаас аадар бороо элбэгшиж үер болох давтамж нэмэгдсэнийг бид бүгд мэдэх билээ. Гэхдээ үерийн байршил өөрчлөгдөж Буянтын Цагаан эрэг багийн чиглэл, Дам ус, Шивэрийн ам \ Горхины ус шивэрч урсдаг учраас ийнхүү нэрлэжээ. Д. Гонгор доктор Шавартын ам гэж бичсэн байдаг \ зүгээс үер буудаг болсон юм.  Иймд С.Балсанжамц даргын үед субботникээр би ахлан Ховд хот, талын хашааны урдуур үерийн хамгаалалт хийлгэсэн юм. Ингэхдээ албан байгуулагын нэг эр хүнд нэг метр газар ногдуулж бух \ шуудуу \ татуулж члуугаар доторлуулсан юм. Төсвөөс нэг ч төгрөн гөргөөгүй юм. Их ч олон удаагийн үерийг өнгөрөөсөндөө. Гэвч авто машин олширсоны улмаас хамгаалалтыг олон газраар сэтлэснээс Ховд хот дахин үерт автагдах болжээ. 
Миний олж сонсоноор Д.Цэвээнравдан даргын үед хоёр ч удаа 170,0 сая төгрөгөөр үерийн хамгаалалт хийлгэсэн юм байна лээ. Багагүй хөрөнгө шүү.
Ховд аймгийн Жаргалант  усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер зурган илэрцүүд
 Гэтэл   Ховд аймгийн Жаргалант сумын төвд өнгөрсөн оны 7 сарын 3-ны өдрийн 19:50 цагийн орчимд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болсон байна. Үерийн улмаас Наран багийн 14, 15 дугаар гудамжны 30 айл өрх, Рашаант багийн 25 айл өрхийн гэр хашаа усанд автсан аж. Энэ талаар тухайн өдрийн 20:35 цагт мэдэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж 800 метр урт шороон даланг сэргээн засварлалаа хэмээсэн бүрэн бус мэдээ  надад байна . Энэ ч бас яахав. Хамгийн гол нь айл өрхийн жорлон, муу ус үерийн устай хамт холилдон хөрсийг ихэд бохирдуулсанаар ходоод гэдэс, шар өвчиний гаралт нэмэгдэж түүнийгээ тарвастай холбох гэсэн оролдлого гарч байлаа. Нөгөөтэйгүүр тэр үед цэвэр усны шугам эвдэрсэнээс хүмүүс үерийн ус орсон Улаан богочийн рашаанаас ус зөөвөрлөн хэрэглэж байсан нь сэтгэл зовоож байж билээ. Бас дэлгүүрээр худалддаг цэвэр усны үнэ нэмэгдсэн байсан юм. Би энэ үеэс л Ховд хотын үерийн хамгаалалтын талаар бодож иргэд, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж эхлэвэй. Мэргэжлийн хүмүүстэй үерийн хамгаалалтыг очиж үзэж Зураг төсвийг нь хямд өртөг зардлаар ч хийлгэх нөхцлийг хайж байна. Хүмүүстэй ярьж явах үедээ талын хашаанд хиймэл нуур байгуулж агаарыг хуурайшилтыг зөөллөх, талын хашааны урд талаар таригдсан мод сөөгийг услаж, зүлэгжүүлэх талаар яриа өрнөсөн юм. 
Ер нь худгийн усаар мод услаж, төмс ногоо ургуулна гэж байдаггүй юм. Ус жижиг саванд нөөцлөж мод услана ч гэж байхгүй . Хэн нэг нь ингэж сэтгэж хөөргөөс эхлээд хийсэн л байна лээ. Нэг л өрхийн хэрэгцээ шүү дээ. Харин услалтын дуслын систем бол өөр хэрэг . 


Бид Дарвийн Хөвхөрийн услалтын систем байгуулж тариа тарихдаа Хиймэл нуур хийж тариалангийн талбай услаж байсан юм. Үр өгөөжөө өгсөн шүү. Доктор Б.Бадрах арвайны  “ Сутай “ нутагшсан сортын үр гаргаж авсан билээ. Харин одоо эзэнгүйдсэн байж магад. Хөрс нь ч Ховдод байгаа ганц хар шороо хөрс билээ. 
Хэрвээ талын хашаа орчим Хиймэл нуур байгуулвал түүнийг түшиглэн аялал жуулчлал, амралт зугаалгын үйлчилгээ явуулж залуус, хүүхэд хөгшид тоглож наадах хөгжилдөх, чөлөөт цагаа өнгөрөөх газар болно . Нуурын орчимд агаарын чийгшилт нэмэгдэж, бичил цаг уурын тааламжтай нөхцөл бүрэлддэг. Түүнчлэн  урсац нь татарч буй Буянт голыг сэлбэж сэргээх чухал хүчин зүйл болно. Яагаад гэвэл   хур тунадас ихтэй жил гадаргын ус нь газрын доорх усаа, хур багатай жил газрын доорх ус нь гадаргын усаа тэжээдэг билээ. Тиймээс гол дагуу байнгын устай хиймэл нууртай болсноор газрын доорх усны түвшин аажмаар дээшилж, байнгын урсацтай болж экологийн доройтол сэргэхийн зэрэгцээ цэвэр усны нөөц нэмэгдэнэ.  Талын хашааны айл өрхүүд хашаандаа жимсний мод, төмс ногоо тарьж, цэцгийн мандалтай болно. Энэ бол байгаль экологийг сэргээх том нөөц боломж юм.
ШУӨЗО-ны нэг аймаг манай Булган голын усыг боож том нуур байгуулж аялал жуучлалын бааз бий болгож бага оврын усан онгоц завиар зугаацуулж, усан спорт хөгжүүлж, Булган голын алгана, мөрөг, зоодой загас үржүүлж амтат загасаар жуулчдыг дайлж байна. 
Бид ингэж чаддаггүй юмаа гэхэд багахан хэмжээний Хиймэл нуурыг Ховд хотод байгуулж ашиглах боломж бүрэн байна. Гэхдээ үүнийг мөнгө угаагч шуналтангууд бус мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд Ховдын хөгжлийн төлөө гэсэн сайн сэтгэлтнүүд хийж чадах билээ. 
Уриалах нь
Би зарим хүмүүстэй энэ ажлыг хийхээр судлаж байна. Заавaл ажил хэрэг болгоно. Бага зардлаар хийхээр бодож байна. Үүнийг уншиж санал бодлоо нэмэрлэж дэмжээрэй. Харин ирэх зайлшгүй хийх ажил бол Ховд хотын үерийн хамгаалалт мөн билээ.
ТӨР ЗАХИРГААНЫ АХМАД АЖИЛТАН Д.ЖҮГДЭРБАРАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ