О.Баасанхүү: Удахгүй таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэх юм билээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Орхон аймгаас сонгогдсон гишүүнийхээ хувиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа ажээ.
Тэрээр “Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар Г.Занданшатар 2018 оны хоёрдугаар сард АТГ, Улсын ерөнхий прокурорт хандсан. Үүний дагуу хоёр байгууллага хамтарсан шалгалт явуулж байгаа. 60 хувийн мэдээлэл гарлаа гэж бодож байна. Уг нь бүх мэдээллийг ил болгох ёстой байсан юм. Монголбанкнаас зээл олгосон асуудал байдаг. Тиймээс тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгах ёстой. Энэ асуудал цаашаа хуулийн байгууллагаар явах байх. АТГ-ын дарга, Ерөнхий прокурорыг солих ёстой гэж ярьж байгаа. Гэвч ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө асуудалтай. Одоо Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэх гэж байгаа юм билээ. Уг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалд нэр холбогдсон 23 гишүүн байгаа. Тав таваар нь оруулж ирж байгаа юм билээ. Ээлжит бус чуулганаар, эсвэл ээлжит чуулганы хугацаанд таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэх юм байна гэж ойлгосон. Уг нь АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокуророор ажлыг нь хийлгэх ёстой. Хэрэв ажиллуулах боломжгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгч болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон хүмүүст хамааралгүй хүмүүсийг ажиллуулмаар байна.
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал гурван жил яригдаж байна. Гэвч шийдэгдсэн юм алга. Нөгөө талд нь "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудалд Монгол Улс 100 100-н саяар нь мөнгө төлж байгаа. Жилд гурван тэрбум орчим төгрөгийн торгууль төлж байна. Тиймээс энэ асуудлаар хэлэлцээрт орж асуудлаа шийдвэрлэх шаардлагыг Л.Оюун-Эрдэнэ сайдад хүргүүлж байна. Ингэхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрээ алдах эрсдэлтэй. Энэ эрсдэлийг зогсоохыг шаардаж байна” гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ