Д.Эрдэнэбилэг нарыг хорих 461-р ангид хорьж хонуулсан эсэх нь тодорхойгүй байна


Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ, ЦЕГ хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл албаны эх сурвалжуудын өгч буй мэдээллээр өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанд байцаалт өгсөн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын гэр болон ажлын байранд нь  нэгжлэг хийсний дараа буюу урьд шөнийн 00:10 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас Урьдчилан хорих 461-р анги руу авч явсан талаархи мэдээлэл байна. Гэвч тэднийг  урьдчилан хорих 461-р ангид хорьж  хонуулсан эсэх талаар яг тодорхой баримт тайлбар хараахан байхгүй байна. Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар тооцон, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулахаар болсон.

ЭЦА-наас тэднийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн юм. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу НПГ-ын хяналтын прокурор уг хүсэлтийг хүлээж аваад, шүүхэд хүргүүлдэг. Гэвч ажлын цаг дууссан учир шүүхээс цагдан хорих захирамж гарах хүртэл тэднийг 461 дүгээр ангид түр саатуулах болсон байна.  

Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-нд шүүх Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж шалгах эсэхийг шийдэх юм.

Тодруулбал, тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг  Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэргээр шалгаж байгаа юм. 

Баривчилгааны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: 

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг дээр ЦЕГ, АТГ хамтран ажлын хэсэг байгуулан шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэгт тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон,  “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг авчран шалгаж байна гэж өчигдөр мэдэгдээд байсан юм. 

Тэгвэл “Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар өчигдөр Эрүүгийн цагдаагийн газар байцаалт өгөхөөр ирээд байх үеэрээ сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа "Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар улсаас мөнгө аваагүй. Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкнаас манай компани асуулга тавиад тэрнийхээ дагуу манай компани төрөөс нэг ч төгрөг аваагүй гэдгийг нотолсон төрийн байгууллагын албан бичиг байгаа. Тэр албан бичгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараана. Хэрэг эрхлэх газрын дарга нь цагдаагийн даргадаа үүрэг өгөөд хууль хүчний байгууллага санаатайгаар энэ үйл явцыг тохож байна" гэсэн билээ.


Д.Оюу

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин