Ар гэрийнхэн нь ослын дүгнэлт гарсны дараа хариуцлага нэхнэ гэжээ

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайд хөрсний нуралт үүссэний улмаас дөрвөн ажилтан техниктэйгээ дарагдаж осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл онцгой байдлын алба хаагчид таван өдөр ажиллаж байж гурван иргэний цогцсыг гаргаж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Өчигдөр тус газарт Шадар сайд Ө.Энхтүвшин ажиллаад ирсэн билээ. Тэрбээр дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тэнд маш олон алба хаагч хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж байна. Гэхдээ одоо зургаа хоночихлоо. Үлдсэн нэг цогцсыг даруй гаргахыг шаардаж байгаа учраас эрлийн ажиллагааг зогсоохгүй. Засгийн газрын хуралдаан дээр эрлийн ажиллагааг дээд зэргийн аюулгүй болгоомжтой түвшинд зохион байгуулахыг үүрэг болголоо.
Энэ бол зөвхөн нэг компани дээр гарч байгаа осол биш. Одоогоор уул уурхайн 100 гаруй компани ажилдаа гарсан байгаа учраас ийм осол гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, сэрэмжлүүлэг анхааруулга өгье, шаардлага хангахгүй байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох ёстой.
“Эко алтан заамар” компанийн хувь нийлүүлэгчид бол байсан. Харин яг захирал нь Төмөрцэцэг гэж хүн байдаг бөгөөд тэр нь одоогоор байхгүй, өвчтэй байгаа гэсэн. Харин ар гэрийнхэн нь хэргийн газарт байна билээ. Тэдэнтэй уулзсан. Техник хүн хүч хүрэлцээтэй ажиллаж байна.
Ослын шалтгаан өнөөдөр тодорхой гарчих байх. Мөн усыг шинжилсэн юм билээ. Эцсийн байдлаар ямар дүгнэлт гарах нь тодорхой болно. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гэсэн дүгнэлтийг гаргасан байна билээ. Тэгэхээр энэ компанийг хариуцаж байсан хүмүүс дээр дээр хариуцлага зайлшгүй яригдана.
Компанийн удирдлагууд асуудлуудаа шийдсэн гэсэн. Осолдсон хүнд ойролцоогоор 50 сая төгрөгийг гаргана. Нийтдээ 200 гаруй сая төгрөг гэсэн үг. Мөн ар гэрийнхэнд нь тус бүрт нь хоёр өрөө байр өгнө гэж байсан. Дээр нь төрөөс тэжээгчээ алдсны тэтгэмж олгоно.
Цаашдаа өнчирч үлдсэн ар гэрийнхэнд нь тусламж дэмжиж явах болно гэдгээ компанийн удирдлагууд хэлсэн. Ар гэрийнхэнтэй нь уулзсан үнэхээр хэцүү байна билээ. Тэд ямар ч байсан ослын дүгнэлт гарсны дараа хариуцлага нэхнэ гэсэн” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ