Сэтгэл зүйч Ц.Солонго: Амиа хорлолоо гэхэд үлдсэн хүмүүс чинь их муухайгаар хэлбэл хэдхэн хоног л гашуудна

Сүүлийн үед нийгмийн сэтгэл зүйг эмзэглүүлж байгаа асуудлаар Хот айл ТББ-ын тэргүүн сэтгэл зүйч Ц.Солонготой ярилцлаа.
Дэлхийд амиа хорлолтоороо манай улс тавдугаарт бичигддэг гэсэн таагүй мэдээ байгаа. Тэгэхээр дээгүүрт бичигдэж байгаа орнуудын хувьд амиа хорлох шалтгаан болж байгаа адил, төстэй талууд байна уу?
Адил төстэй талууд мэдээж байгаа. Нийгмийн стресс, уур бухимдал, гэр бүлийн таагүй харилцаанууд байдаг. Хамгийн ойр Өмнөд Солонгос улс байна. Сүүлийн үед гэр бүлийн харилцаа муудсанаар амиа хорлох шалтгаан ихсээд байгаа. Гэр бүлийн, ойр дотны хүмүүстэйгээ таагүй харилцаатай, эсвэл ярилцаж, ойлголцох боломжгүй явсаар сүүлдээ энэ нь амиа хорлоход хүргэдэг. Энэ нь манай улсад мөн ялгаагүй байгаа.
Монголд амиа хорлох шалтгаан, нөхцөл хэр их байдаг вэ?
Монгол улс дахь амиа хорлолтын яг үндсэн шалтгаан бол гэр бүл салалтаас хамааралтай. 1000 гэр бүл тутмын 240 нь салж байна. Үүнээс үзвэл бүрэн бүтэн, аз жаргалтай гэр бүл үгүйгээс хүнд ганцаардал бий болдог. Өөрийг нь сонсож, ярилцаж, зөвлөгөө авах хүн байхгүйн улмаас бусдыг хохирно, намайг байхгүй болвол бусад хүмүүс хохирно гэсэн бодлоор өөрийгөө хохироодог.
Амиа хорлосон иргэдийн 80.9 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэсэн статистик судалгаа бий. Эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүдийг амиа хорлох тоо их байна. Энэ тал дээр таны бодол?
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү сэтгэлээр унамтгай, сэтгэлийн хат муутай. Өөрийн “би” гэсэн үзэл баримтлалдаа маш амархан гутрах хандлагатай байдаг. Энэ нь өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсанаас болдог. Манай ихэнх эмэгтэйчүүд дунд эрэгтэй хүн л бүх зүйлийг чаддаг байх ёстой гэдэг. Тэднийг дэмжихээсээ илүү дарамтанд оруулж сул дорой болгодог. Үүнээс болж эрэгтэй хүмүүс өөрсөддөө хэт өндөр цензур тавиад, түүндээ хүрж чадахгүй бол маш амархан барьц алддаг.
Тэгэхээр амиа хорлолтод хүйсийн ялгаа байна гэсэн үг үү?
Эмэгтэй хүмүүс харьцангуй сэтгэл хөдлөл, уур бухимдлаа ямар нэгэн байдлаар илэрхийлээд гаргадаг. Харин эрэгтэй хүмүүс ихэнх нь гадагш нь илэрхийлж гаргалгүй, дотороо хадгалах нь элбэг байдаг. Энэ нь бас нөлөөлдөг.
Одоо бидний амьдарч байгаа цаг үеийн зохистой болон зохисгүй ямар нэгэн хэрэглээ амиа хорлоход түлхэц үзүүлдэг үү?
Мэдээж байлгүй яахав. Маш их сэтгэл гутралтай, гутранги үзэл давамгайлсан, өөртөө итгэх итгэлгүй болсон үедээ асуудлаас гарах арга замыг хайж эхэлдэг. Ийм үед архи болон мансууруулах бодис нь хэсэг хугацаанд тайвшируулж, мансууралд автуулж таатай мэдрэмж төрүүлдэг. Энэ нь илүү амар санагдаж эхэлнэ. Ингээд удаан явхаар архи, тамхи, мансууруулах бодисны хамааралтай болдог. Эдгээр нь сэтгэхүйд хэт их хүчтэй нөлөөлөөд, ойр дотны хүмүүс нь ч засаж, залруулахаасаа илүү дарамт үзүүлээд ирэхээр хэнд ч хэрэггүй болсон мэт сэтгэгдэл төрөөд хамгийн сүүлд нь амиа хорлолтыг сонгодог.
Амиа хорлож байгаа хүмүүс сэтгэл зүйн хувьд ямар хүмүүс байна вэ? Ямар нэг эмгэг бий юу? Эсвэл энгийн хүмүүс үү?
Уг нь бол энгийн, жирийн л хүмүүс байдаг. Ихэвчлэн богино хугацаанд маш хурдан хүнд цохилтонд орсон байдаг. Гэхдээ алсуураа буюу дотроо сэтгэл гутралтай болчихсон. Энэ дээрээ нэмээд гэнэтийн цохилтод орчихоор маш хурдтай шийдвэр гаргах нөхцөл бүрддэг. Ихэнхдээ удаан хугацааны гутранги үзэлтэй, ганцаардалтай үед нь тохиолдсон байдаг. Жишээлбэл, ойр дотны хүн нь өнгөрөх, хэн нэгэн хүн муу үгээр асар их доромжлох гэх мэт олон зүйл байдаг.
Тухайн үед амиа хорлож байгаа хүнд ямар сэтгэл зүй явагдаж байдаг вэ?
Хэн нэгэн энгийн хүн зүгээр байж байгаад амиа хорлох шийдвэр мэдээж гаргахгүй. Зүрхэлж хийдэг ажил биш шүү дээ. Өөрийгөө хэн ч биш болгосон тэр бодол нь юу юунаас илүү их давамгайлсан байдаг. Удаан хугацаагаар бодож явсан учраас тухайн үед ямар ч эргэлзээгүй асуудлыг маш хурдан шийдэж ийм харамсалтай, эрсдэлтэй алхам хийдэг. Маш их стресстэй байсан. Удаан хугацаагаар стресс үргэлжилэхээр дипресс болдог. Дипресстэй байна гэдэг нь хоол унднаас гарах, архи, мансуурруулах бодисын хэрэглээ ихэсдэг. Ингэснээр бие физиологийн хувьд ч сул дорой болдог. Ихэнх тохиолдолд бусдад гомдсон, бусдыг хохирооно гэсэн бодолтой байдаг. Амиа хорлосон иргэдийн гэрээслэлээс л юунаас болсон бэ гэдгийг мэдэх боломжтой болдог.
Амиа хорлохоор шийдсэн хүн тухайн нөхцөл байдлаасаа өөрөө гарах арга зам байдаг уу?
Гарц бий. Гол нь хаана, хэнд хандахаа л мэдэхгүй байдаг. Уг нь бол хороо, дүүргийн засаг дарга, нийгмийн ажилтандаа хандах хэрэгтэй. Үгүйдээ гэхэд найз нөхөд, ойр дотны хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Заавал архи, тамхи хэрэглэж өөрийгөө улам хэн ч биш болгох шаардлагагүй.
Тэгвэл хөндлөнгийн, жирийн иргэн бид тухайн хүнд яаж туслах вэ?
Хүмүүс хүний өмссөн зүүсэн гаднах төрхийг их харж ялгаж харьцдаг. Тухайн хүн яасан ч байж болно. Хэн нэгний туслалцаа хэрэгтэй байж болно. Нийгмийн хариуцлага талаасаа найз нөхөд эсвэл хөрш чинь ч юм уу сэтгэл санаагаар унацан, гундуу, өөрт нь хүндрэлтэй харагдаад байвал очоод ярилцах хэрэгтэй. Иймэрхүү байдалд орсон хүмүүс өөртэй нь ярилцах хүсэлтэй хүнийг өөрөөсөө түлхдэггүй. Бүр боломжгүй бол хороо, дүүргийнх нь нийгмийн ажилтан, засаг даргад хэлэх хэрэгтэй. Эдгээр хүмүүс нь буцаагаад тухайн хүнд эмчилгээ хийлгэх, зөвөлгөө өгөх, сэтгэлзүйчид хандах зэрэг арга хэмжээ авдаг.
Монгол дахь амиа хорлолтыг насны ангилалаар ангилсан статистик судалгаа байдаг. Судалгаанаас 20-29 насныханд амиа хорлолт их байна гэж харагдаж байна. Ер нь энэ насныхны амиа хорлолт юунаас үүдэлтэй вэ? Эвэл 20-29 насны онцлог байна уу?
Энэ насныхны хувьд гэр бүл зохиох нас байдаг. Найз бүсгүй, найз залуугаа сонгох ийм үе байдаг. Энэ үе дээрээ өөрийнх нь дурласан, сайн болсон эсрэг хүйстний хүнтэйгээ ойлголцож чаддаггүй, эсвэл гэнэтийн асуудлаас болж өөрийг нь тоохоо больдог, орхидог ч юм уу гэнэтийн асуудал гарч ирэх магадлал их байдаг. Түр зуурын холбоо үүсгэх гэсэн бодолтой хаячихдаг. Тэгэхээр тухайн хүн өөрийгөө гологдсон, хэнд ч хэрэггүй гэдэг байдлаар хүлээн авдаг. Ойр дотны хүмүүстээ тэр болгон өөрийн нарийн, нандин юмаа ярьж чаддаггүй нуугдмал болдог. Зарим нь иймэрхүү байдлаасаа болоод сэтгэцийн өөрчлөлттэй ч болдог. 20-29 насны амиа хорлолтын ихэнх шалтгаан нь хайр сэтгэлээс үүдэлтэй байдаг. Юмыг нэгээр боддог дахиад амьдралд нь хэн нэгэн гарч ирэхгүй юм шиг боддог. Сэтгэл санааны хэт их туйлширалд орсон байдаг.
Та энэ насны залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
50 настай байсан ч амьдрал зохиож болдог. Залуу хүнд нас байна амьдралд чинь хэдэн ч хүн таарч болно тэр болгонд өөрийгөө голоод хэн ч биш болгоод, хэнд ч хэрэггүй мэт болгох ямар ч шаардлагагүй. 50, 60 настай хүмүүс шинээр амьдрал зохиогоод үр хүүхэд гаргаж чадахгүй ч гэсэн өргөж аваад амьдраад болоод байна. Тэгэхээр өөрийгөө тойрсон жижигхэн хүрээлэлд битгий сэтгэ. Амьдрал баялаг. Амьдралыг илүү томоор харж илүү томоор сэтгэ. Амиа хорлолоо гэхэд үлдсэн хүмүүс чинь их муухайгаар хэлбэл хэдхэн хоног л гашуудна. Цаашаа амьдрал үргэлжилсээр л байна. Бусдыг хохирооно гэсэн өчүүхэн бодлоо хаях хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ бусдыг биш өөрийнхөө амьдралыг юу ч үгүй хохироож байгаа юм. Ойрын 2, 3 жилээр биш илүү олон жилээр өөрийн ирээдүйг хараасай л гэж хэлмээр байна.
ярилцсан М. Нямчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ