Швейцараас авчирсан С.Баярцогтын дансны хуулгаар 70 гаруй сая доллар илэрсэнүү?

Оюутолгойн гэрээг гардан хийсэн гэх Сангийн сайд асан С.Баярцогтыг өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс хоёр удаа хорих шийдвэр гаргасан байдаг. Өмнө нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд хорьж, улмаар зургадугаар сарын 13-нд батлан даалтад гарган, хилийн хориг тавиад байсан билээ. Харин хуулийн байгууллагаас дахин хорих шийдвэр гаргахдаа Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан.
АТГ-аас энэ талаар мэдээлэл хийхдээ “Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээг байгуулахаасаа өмнө тус компанийн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хувьцааг эзэмшиж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон. Харин гэрээг үзэглэж, компанийн үйл ажиллагаа эхлэх үед өөрийн ашгаа хүртээд эргүүлэн хувьцаагаа зарсан байдаг. Хувьцаа эзэмшиж байсан компанидаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан давуу эрх олгосон нь тогтоогдсон учраас түүнийг хорих шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг өгч байлаа. Өөрөөр хэлвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод байгуулахад Сангийн сайд С.Баярцогт аль хэдийнэ Хөрөнгө оруулагч тал болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч нь болчихсон байжээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхан Швейцарьт албаны айлчлал хийх үедээ тус улсын хууль хяналтынхан болон тус улсын прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ. Энэ үеэр оффшор бүст байгаа их хэмжээний ам.долларын дансны хуулгыг албан ёсоор авчирсан байна. Гүйлгээний хуулгыг ГХЯ-аар дамжуулж АТГ-т хүргэж өгсөн гэдгийг ч албаныхан хэлж байгаа юм. Албан бус эх сурвалж тэдгээр дансны хуулга С.Баярцогтын дансан дахь 70 гаруй сая долларын баримт болох тухай ч өгүүлж байна. АТГ-аас С.Баярцогтын оффшор бүст байгаа их хэмжээний ам долларын дансны хуулгын талаар хэзээ мэдээлэх нь одоогоор тодорхойгүй байна. Үнэхээр С.Баярцогтын нэр дээрх Швейцараас авчирсан дансны хуулгаар 70 гаруй сая доллар илэрсэнүү?
Д.Галт
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ