Ж.Батзандан : С.Зоригийн хэргийг зохиомлоор шийдэж байна гэж бид 2 жил ярьж , хэлж ирсэн

Монгол түмнээ нэгтгэсэн шинэ нам байгуулахаа зарлаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар долоо хоног болгон иргэдэд мэдээлэл өгч байна.
Тэд энэ удаа Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-"Өчигдөр хууль зүйн сайд Ц.Нямдорж ард түмнээсээ уучлалт гуйж байна лээ. 2016 онд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг яаралтай хааж шийдвэрлэсэн нь зохиомол хэрэг байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1937 оны хэлмэгдүүлэлт шиг юм болсон гэж мэдэгдэж байна лээ. Үүнийг зөв гэж бодож байна.
Л.Болд гишүүн бид хоёр "Хүний эрхийн дэд хороо"-ны гишүүд. Бид энэ хэрэг зохиомол боллоо , Монгол улсын олон иргэдийн эрх зөрчигдөж байна гэж хоёр жил гаруй мэдээлэл хийж, нээлттэй сонсгол ч хийж байлаа. Тухайн үед олон хүн биднийг шүүмжилж байсан. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой бичлэгүүд, мөрдөн байцаагч нарын Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг дарамталж байгаа бичлэгүүд ил болсон. Энэ хэргийг зохиомлоор үүрүүлсэн.
Хэрэгт холбогдсон хүмүүс айж дарамтанд орсон учраас хэргийг хүлээснээ бидэнд бичгээр ирүүлсэн. Яг одоо Засгийн газрын хуралдаан болж энэ асуудлыг ярьж байна. Үдээс хойш ҮАБЗ дээр энэ асуудлыг ярина. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, дарга Ц.Зоригт гэж хүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн дээд шүүхийн хуралдааныг даргалсан. Энэ хүнийг Ц.Элбэгдорж томилсон. Уг хуралд оролцсон шүүгчдийн 70 хувь нь МАНАН бүлгийн гар хөл бологсод" гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-“Шударга бусын хонгил, хуулийн тогтолцооны завхрал нурж байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг задарч, гэмгүй хүмүүсийг яллаж, устгах гэж байсан аймшигтай төлөвлөгөө нь нурлаа. Хуулийн байгууллага энэ хэрэгт холбогдож байгаа нь аймшгийн дохио юм. Ээлжит бус чуулганаар хуулийн байгууллагын удирдлагыг солих асуудал орж ирэхгүй бол дөрөвдүгээр сарын 11-нд бүх нийтийн цуглаан, ажил хаялтад уриалах болно. Шударга бусын хонгил бүрэн нурах хүртэл эцсээ тултал тэмцэнэ” гэлээ.
Тэд 30 мянган хүний гарын үсэг цуглуулж, шинэ намаа байгуулах талаар мөн дурдав. Одоогоор тус намд элсэхээр таван мянган хүн гарын үсэг зуржээ. Харин шинэ намдаа нэр өгөхөөр гишүүдийнхээ дунд санал асуулга явуулж байгаа юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ