Монголчуудыг Монголд нь вакуумдаж, аквариумын загас шиг болгочихвол ч...

     Зах зээлийн эдийн засгийн гэх  Монголд захын нэг аж ахуйн нэгжийн өр овоорсоор 20 саяаас дээш татварын өртэй болох нь энүүхэнд. Тэд ямар ЖДҮ авсан гишүүд шиг мөнгө хүүлж үзсэн биш. Өндөр хүүтэй зээл, татварын дарамт хоёроор байнга шахуу дөрлүүлж, нийгмийн дундаж давхаргаас зүүгдэхчээ аядсаар унаж яваа хэсэг.  Харин ЖДҮ голдуу гишүүдээс бүрдэх энэ удаагийн  УИХ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөлд 20 саяас дээш татварын өртэй, өрөө төлөх хөрөнгөгүй хүнийг хилээр гаргахгүй байх заалт оруулсан нь хатуу гэхэд ч багадмаар дэндүү харгис санал болж байна. Тодруулбал, татварын байгууллага дээрх хоёр шалгуурыг хангасан хүнийг хилээр гаргахгүй байхыг эрх бүхий хуулийн байгууллагад мэдэгдэх юм байна. Ийм заалт оруулах болсон шалтгаанаа гадаадын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа их хэмжээний татварын өр үүсгэчихээд түүнийгээ төлөхгүйгээр орхиж гарах тохиолдлууд гарч байсан гэдгээр тайлбарлаж байна. Ийм тохиолдол бүхий гурав тавхан жишээгээр дампууралгүй үлдсэн ч дампуурах болзлоо хангачихаад байгаа 30 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийнхээ төлөөллийн хил гарах эрхийг хасч, хөл хорих шийдвэр гаргахаар яаравчлан айсуй. Ямар нийгэмд амьдраад байнаа хэмээн халаглах хүмүүс олон байгаа ч хүч түрээд баталчихвал гараа өргөөд дампуурлаа зарлаад алга болохоос өөр замгүй болж эхэлнэ. Энэхүү заалт нь гадаадынхан төдийгүй Монгол Улсын иргэдэд ч үйлчлэнэ хэмээн УИХ-ын гишүүд хээв нэг ярьж суух.

      Тэднийг 60 тэрбумаар ярьж, ЖДҮ-дээ баригдаж явах зуур аль хэдийнэ олон  мянган аж ахуйн нэгжүүд  хаалгаа барьж, ядуусын эгнээрүү хүч түрэн орж ирсэн нь үнэн шүү дээ. Одоо үлдсэн 30 мянгыг нь хөл хорьж, зөвхөн Монголдоо вакуумдаж, аквариумын загас шиг болгочихвол амар сайхандаа жаргах гээд байдаг. Эдийн засагч Д.Жаргалсайханы хэлсэн шиг Монголчууд бид загас болчихмооргүй л байна шүү.

Д.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ